
Норвегичүүд Шөвгийн 16-д шалгарч чадлаа
2026 оны 7 сарын 1·Тойм
Кот Д’Ивуар 1:2 Норвеги
Кот Д’Ивуар гоол: Диалло (74)
Норвеги гоол: Нуса (39), Хааланд (86)
Норвегийн баатар, энэ цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг довтлогчдын нэг Эрлинг Холанд хожлын гоол оруулж, Норвегичүүд 1998 оноос хойш анх удаагаа ДАШТ-ний Шөвгийн 16-д ийнхүү шалгарч байна.
Эмэрс Фае дасгалжуулагчаар удирдуулсан “Зааны ясан эргийнхэн” түүхэндээ анх удаагаа ДАШТ-ний хэсгийн шатыг гэтэлж чадсан билээ. Домогт Дидье Дрогба, ах дүү Турэ нар гялалзаж байсан алтан үеийн Кот Д’Ивуарын шигшээ баг өмнө нь ДАШТ-ний хасагдах шатанд тоглож байгаагүй юм. Залуу од Иан Диамонде, туршлагатай Никола Пэпэ, Амад Диалло гэсэн хүчирхэг довтолгоотой тэд энэ тоглолтод маш сайн тоглосныг дурьдах хэрэгтэй.
Тэд тоглолтын турш 14 удаа хаалга руу цохиж, 5 нь байгаа оносон бөгөөд 41%-тай бөмбөг эзэмшжээ. Түүнээс гадна 14 удаа булангийн цохилт авсан ч нуруулаг Норвегичүүдийн эсрэг гоол оруулах амаргүй байсан нь ойлгомжтой. Тоглолтын голлох статистикийг харвал Кот Д’Ивуарчууд хавьгүй илүү тоглосон, гэвч хожиход хангалттай байсангүй.
Тоглолтын эхний гоолыг Норвегийн багийн жигүүрийн довтлогч Антонио Нуса 39 дэх минутад оруулсан юм. Харин 74 дэх минутад сэлгээгээр талбайд орж ирсэн Амад Диалло маш чухал тэнцээний гоолыг хийж чадав. Энэ тоглолтод төдийлөн гялалзаж чадахгүй байсан Эрлинг Холанд “ангаа барих” тохиромжтой цаг үеийг хүлээсээр л байжээ.
84 дэх минут...
Норвегичүүд эсрэг багийнхаа хамгаалалтын байрлалыг тун амархан эвдэж, Патрик Бэргийн чихэр шиг дамжуулалтыг Эрлинг Холанд амттай гэгч нь төгсгөлөө. Бөмбөгт хөл тавихад л хангалттай байсан тэр дамжуулалт нь хожлын гоол болон хувирснаар Норвегичүүд Шөвгийн 16-д тоглох тасалбараа захиалсан юм. Ингэснээр тэд 7 сарын 5-нд Дэлхийн 5 удаагийн аварга Бразилийн шигшээ багтай учраа таарч тоглохоор боллоо.
Энэ тоглолтын шилдгээр эхний гоолыг оруулсан Антонио Нуса тодорсон бол Манчестер Сити клубт хүчин зүтгэдэг супер довтлогч Эрлинг Хааланд ДАШТ-ний 5 дахь, Норвегийн шигшээ багийн төлөө 60 дахь гоолоо оруулсан байна.











