FIFA 2026 тэмцээний шинэхэн мэдээ, шинжээчийн дүгнэлт
ЯрилцлагаХөлбөмбөгийн тайлбарлагчийн дуу хоолой олон мянган хөгжөөн дэмжигчдийн сэтгэл болон чихэнд хоногшин үлддэг. Тэд зөвхөн тоглолтыг тайлбарлаад зогсохгүй тухайн агшны сэтгэл хөдлөлийг үзэгчдэд хүргэж байдаг билээ. Харин энэ удаа Монгол улсаас хөлбөмбөгийн тайлбарлагч ДАШТ-ний тоглолтыг телевизийн студиэс бус, тоглолт болж буй цэнгэлдэх хүрээлэнгээс анх удаагаа шууд тайлбарласан нь онцгой үйл явдал боллоо.Монголын хөлбөмбөгийн анхны тайлбарлагчдын нэг, 20 жилийн өмнөх 2006 оны ДАШТ-ийг албан ёсоор шууд дамжуулахад анхлан тайлбарлаж эхэлсэн спортын сэтгүүлч Б.Батзаяа энэ жилийн ДАШТ -ний шөвгийн наймд учраа таарсан Аргентин – Египетийн багуудын гал гарсан тоглолтыг АНУ-ын Атланта хотын Мерседес Бенз цэнгэлдэхээс эх орон даяар шууд дамжуулан хүргэсэн юм.Бид түүнтэй хөлбөмбөгт дурласан хүүхэд нас, тайлбарлагчаар ажилласан замнал болоод Монголд анх удаа ДАШТ-ийг тайлбарлаж байсан дурсамж, мөн мөрөөдлөө биелүүлсэн тэр мартагдашгүй мөчийнх нь талаар ярилцлаа.СЭТГҮҮЛЧ: Хөлбөмбөгт анх хэзээнээс дурлаж эхэлсэн бэ? Таныг энэ спортод татсан онцгой тоглолт, баг эсвэл тоглогч байсан уу?Хөлбөмбөгт дурласан минь 1998 оны ДАШТ-ээс эхлэлтэй. Тэр үед би 12 настай хүүхэд байлаа. Монголд үзэх зүйл ховор, шууд дамжуулалт ч байгаагүй үе. Спортын сэтгүүлч, "Одод" студийн Н.Тамир ах тоглолтуудыг шөнө бичиж аваад, өглөө нь 40 минутын тойм болгон гаргадаг байлаа. Тэр үеийнхээр бол 40 минутын тойм үзнэ гэдэг маш урт, гоё санагддаг байсан.Яг тэр үед Англи, Румыны тоглолтыг үзэж байхад тайлбарлагч "Английн 18 настай тоглогч Майкл Оуэн талбайд гарч ирэх гэж байна" гэв. Харахад жижигхэн биетэй залуу хүү, бараг л миний үе. Тэгээд л "Би яагаад ингэж тоглож болохгүй гэж?" гэж бодсон доо. Майкл Оуэний тоглолт, оруулсан гоол, мөн Бразилын Роналдогийн тоглолтууд намайг хөлбөмбөгт татсан. Ялангуяа 1998 оны ДАШТ -ний Англи-Румыны тоглолт намайг хөлбөмбөгт эргэлт буцалтгүй оруулсан даа.СЭТГҮҮЛЧ: Хөлбөмбөгийн тайлбарлагч болох зам тань хэрхэн эхэлсэн бэ?Багаасаа л газарзүй, танин мэдэхүйд их сонирхолтой хүүхэд байсан. Аав маань "Таван цагариг" спортын сонинг захиалж уншдаг байсан болохоор спортоос хол өсөөгүй. 2002 оны ДАШТ-ийг Дорноговь аймагт эмээгийндээ үзэж байхдаа тоглогчид, багуудын талаар бүгдэд нь тайлбарлаж өгч байсан юм. Тэр үеэс л "тайлбарлагч болмоор байна" гэж бодож эхэлсэн.Тэр үед тайлбарлагч гэсэн тусдаа мэргэжил байгаагүй учраас аавынхаа зөвлөснөөр МУИС-ийн Сэтгүүл зүйн ангид элссэн. Нэгдүгээр курсийн зуны амралтаар UBS телевизийн "Одод" студид дадлага хийж байхдаа Европын аваргын тэмцээний тойм тайлбарлах боломж олдсон. Намайг хөлбөмбөг сайн мэддэг юм байна гэж үнэлээд, анхны тайлбараа хийх боломжийг өгсөн дөө.Удалгүй үндэсний бөх, сагсан бөмбөг, олимпийн олон төрлийн спорт тайлбарлаж эхлэв. Нэг өдөр Монголын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч И.Отгонбаяр ах надтай холбогдоод ТВ5 телевиз Олимпын наадмыг анх удаа шууд дамжуулах гэж байгаа тухай хэлж, хөлбөмбөг тайлбарлах санал тавьсан. Ингээд л миний тайлбарлагчийн жинхэнэ замнал эхэлсэн гэж хэлж болно.Мөн оюутан байхдаа ТВ9-д үндсэн ажилтнаар орж, гадаад мэдээ бэлтгэхийн зэрэгцээ сагсан бөмбөгийн дээд лиг, өвлийн олимп зэрэг олон томоохон тэмцээнийг тайлбарладаг болсон. Ингээд нэг л мэдэхэд спортын тайлбарлагч болсон байсан даа.СЭТГҮҮЛЧ: 2006 онд Монголд хөлбөмбөгийн ДАШТ-ийг анх удаа албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулсан. Анхны ДАШТ-ний тоглолтоо тайлбарлаж байсан үеэ эргэн дурсаач?Тэр үед би 3-р курсийн оюутан байв. ТВ9 -д олон төрлийн тэмцээн тайлбарласан болохоор спорт сонирхогчид намайг гадарлаж эхэлсэн үе л дээ. Удалгүй С1 телевиз ДАШТ-ний шууд дамжуулалтын эрхийг авч, надад тайлбарлах санал тавьсан. Би ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрч, бүр ажлаасаа гараад очсон юм. Учир нь энэ бол миний мөрөөдөл байсан.Одоо бол олон телевиз, тэрийгээ дагаад олон тайлбарлагчтай болсон байна. Харин тэр үед би бараг бүх тоглолтыг ганцаараа тайлбарлаж байлаа шүү дээ. 2006 оны ДАШТ-ний нээлтийн тоглолт Герман - Коста Рикагийн хооронд болсон. Тэр тоглолт зургаан гоолтой, үнэхээр гоё ч тоглолт болсон. Өнөөдөр эргээд бодоход алдаа дутагдал их байсан ч Монголд ДАШТ-ийг анх удаа шууд дамжуулсан, миний мөрөөдөл биелсэн мөч учраас тэр тоглолт хэзээ ч мартагддаггүй.Тухайн тэмцээний үеэр өдөрт гурван тоглолт тайлбарлаж байсан. “Гоол” гээд орилоод байхаар сүүлдээ миний хоолой бүр таг болчихсон. Тэгээд хэдэн тоглолтыг өнжихөөс аргагүйд хүрсэн. Миний оронд түр өөр хүн тайлбарлахад үзэгчид телевиз рүү утасдаж, "тайлбарлагч чинь яасан бэ?" гээд, бүр телевизийн байран дээр ирж бөөн юм болж байлаа шүү дээ. (инээв) Тэгээд 2 хоногийн дараа хоолой арай дээрдээд, буцаад ажилдаа орж байсан даа.СЭТГҮҮЛЧ: Тайлбарлагч бүр өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Та өөрийн хэв маягаа хэрхэн тодорхойлох вэ?Би их уншдаг. Дуртай зүйлээ уншаад амархан тогтоочихдог. Багаасаа танин мэдэхүйн зүйлд дуртай байсан нь их нөлөөлсөн байх. Тоглолт тайлбарлахдаа би өөрөө талбайд тоглож байгаа юм шиг мэдрэмжээр ханддаг. Түүнчлэн би өөрөө хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин байсан болохоор тоглогчид талбай дээр яг юу мэдэрч байгааг, гэмтэл бэртэл, сэтгэлзүйн дарамт зэргийг илүү ойлгож чаддаг байх. Энэ л миний тайлбарын онцлог болов уу.СЭТГҮҮЛЧ: Энэ удаа Монголоос анх удаа тоглолт болж буй цэнгэлдэхээс шууд тайлбар хийлээ. Тоглолт өрнөж буй цэнгэлдэхэд, микрофоны ард суух мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?Үнэхээр итгэмээргүй мэдрэмж байсан. Хажууд Аргентин, Францын тайлбарлагчид сууж, өмнө нь миний тоглолтыг нь тайлбарлаж байсан алдартай тамирчид өөрсдөө тайлбарлагч болоод ажиллаж байхыг харахад үнэхээр онцгой санагдсан.Гэхдээ бас маш их сандарсан. Цэнгэлдэх дотор удаан явж, ус ч уугаагүй байсан болохоор хоолой хүртэл өөр болоод эхний үеийг хүссэн хэмжээндээ тайлбарлаж чадаагүй. Тэгээд эхний үеийн завсарлагаар “Миний Монгол Энтертайнмент”-ийнхантай утсаар ярьтал бүгд л намайг битгий сандар гээд тайвшруулж, зоригжуулж байсан. Тэгээд ариун цэврийн өрөө орж, нэг сайхан нүүрээ угааж аван, өөртэйгөө ярилцаад, "Одоо алнаа" гээд л орсон доо.Ингээд хоёрдугаар үе эхлэхэд бүрэн төвлөрч, жинхэнэ өөрийнхөөрөө тайлбарлаж чадсан. Тэр мөч надад яг 20 жилийн өмнө анх ДАШТ-ний тоглолт тайлбарлаж байсан үеийн айдас, догдлолыг дахин мэдрүүлсэн. Зүйрлэшгүй мэдрэмж байсан даа.СЭТГҮҮЛЧ: Энгийн үед студиэс тайлбарлахтай харьцуулахад цэнгэлдэхээс шууд тайлбарлахын хамгийн том ялгаа юу байв?Мэдээж хамгийн том ялгаа бол уур амьсгал. Студид бид дэлгэц хараад, чихэвчээр шуум сонсдог шүү дээ. Харин цэнгэлдэхэд хөгжөөн дэмжигчдийн уухай, сэтгэл хөдлөл, талбай дээрх уур амьсгалыг шууд мэдэрч байсан.Үгээр илэрхийлэхэд хэцүү, мартагдашгүй мэдрэмж. Дараагийн удаа очвол бид бүр илүү мэргэжлийн түвшинд ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хамгийн чухал нь бид эхлэлийг нь тавьж чадлаа шүү дээ.СЭТГҮҮЛЧ: Цаашид цэнгэлдэхээс тогтмол тайлбарлахыг хүсэж байна уу?Мэдээж хүсэлгүй яахав. Бүх тоглолтыг газар дээрээс нь тайлбарлах боломжгүй байж болох ч нээлтийн тоглолт, финал зэрэг онцгой чухал тоглолтуудыг цэнгэлдэхээс шууд тайлбарладаг жишгийг Монголд тогтоож чадвал маш сайхан сайхан хэрэг шүү дээ.СЭТГҮҮЛЧ: Ингээд бидний 4 жил тутам хүсэн хүлээдэг ДАШТ өндөрлөхөд ойртож, нэг л мэдэхэд сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ удаад АНУ, Мексик, Канад гээд 3 улсын 16 хот дамнан зохиогдсон, маш том ДАШТ боллоо. Энэ жилийн ДАШТ-ний тухай сэтгэгдлээ хуваалцаач?Энэ жилийн ДАШТ-ийг Монгол улсад шууд дамжуулах эрхийг “Миний Монгол Энтертайнтент” ХХК авч, 5 телевиз хамтран дамжуулж, үзэгч олон түмэнд хүргэлээ. Олон тайлбарлагч, олон хөтлөгчид ажиллалаа.Монголд 2018 оноос хойш зуны улиралд асарт сууж хөлбөмбөг үзээгүй шүү дээ. Өмнөх Катар – 2022 ДАШТ өвөл болсон, уур амьсгалын хувьд ч тиймхэн байсан. Харин энэ жил хөлбөмбөгийн фанатууд асарт цугларан үзэж байна, мөн телевизийн шууд дамжуулалтууд ч арай өөр түвшинд хүрчээ. Хэдийгээр бөмбөрцгийн нөгөө талд болж буй учраас цагийн хол зөрүүг үл тоон хөлбөмбөгөө үзсээр л байна. ДАШТ ч маш сонирхолтой, үнэхээр гоё болж байна.СЭТГҮҮЛЧ: Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.Ярилцсан сэтгүүлч: Т.СэргэлүнТэртээ 28 жилийн өмнө зурагтынхаа урд суугаад Майкл Оуэнийг биширч байсан нэгэн хүү өдгөө дэлхийн хамгийн том тайзнаас ДАШТ-ний тоглолтыг Монголын үзэгчдэд хүргэж сууна. Хорин жилийн өмнө мөрөөдөл байсан зүйл өнөөдөр бодит болсон нь зөвхөн нэг хүний амжилт бус, Монголын спортын шууд дамжуулалт – тайлбарын хөгжлийн шинэ алхам болж чадлаа. Түүний хэлснээр "эхлэлийг нь тавьсан" энэ түүх цаашид Монголын тайлбарлагчид дэлхийн спортын хамгийн том тэмцээнүүдийг цэнгэлдэх хүрээлэнгээс нь шууд дамжуулах шинэ жишгийн эхлэл байх биз ээ.
Үйл явдалХөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт буюу финалын тоглолтын тасалбарын үнийг ФИФА анх 1550$ -аас хэтрүүлэхгүй гэж амлаж байсан ч өөрийн албан ёсны вэб сайт дээрээ тасалбар зарах, авах цэс нээж, хүссэн нь дуртай үнээрээ зарах, авах үүд нээгдсэн. Хэн ч авсан тасалбараа хүссэн үнээрээ (авах хүн олдвол шүү дээ) зарах боломжтой болсон нь тасалбарын "хууль ёсны дамлан худалдаа" болсон юм.ФИФА эндээс багагүй мөнгө хийж байгаа. Зарсан, авсан хоёроос тус бүрээс нь 15 хувь ФИФА-д очино. Жишээ нь нэг хүн 1000$ -аар тасалбараа зарлаа гэж бодоход гар дээр нь 850$ очино, харин авч буй хүн 1150$ төлнө гэсэн үг. Энэ хоёрын дундаас ФИФА зүгээр сууж байгаад л 300$ авчихна гэсэн үг.Тиймээс ч 2,5 сая доллараар гэсэн тасалбар ч байна.Ерөнхийдөө ихэнх тасалбар 10000$-33000$ үнэтэй байгаа бөгөөд дундаж үнэ нь 11327$ байгаа нь Америкийн төдийгүй дэлхийн спортын түүхэн дэх хамгийн үнэтэй тасалбартай спортын тоглолт болгож байна, хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг.Дөрвөн жилийн өмнө Катарт болсон ДАШТ-ий шигшээ тоглолтын хамгийн үнэтэй тасалбар 1607$, дундаж үнэ нь 855$ байсан билээ.ФИФА энэ ДАШТ-ээс 11 тэрбум долларын ашиг олохоор төлөвлөсөн байсан ч урьдчилсан байдлаар 15 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох таамаглал гарчээ.Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
ТоглогчЭнэ жилийн ДАШТ 2026 олон олон түүхэн, сонирхолтой, хачирхалтай үйл явдлаар дүүрэн болж байгаа билээ. Хамгийн сүүлийн аваргын тоглолт ч мөн эхлэхээсээ өмнө бүх нийтийн анхаарлыг татаж, сонирхолыг өдөөж байгаа нь гарцаагүй. 2026 оны долдугаар сарын 20-нд шилжих шөнийн 03:00 цагт болох тус тоглолттой холбоотой энэхүү зураг яригдах нь зүйн хэрэг. Ердөө зургаан сартай Ямал хүүг усанд оруулж буй хорин настай Месси нарын түүхэн гэрэл зураг. Зургийн түүхийг сонирховол: 2007 оны 12 дугаар сард Барселона клубийн сан (Barcelona Foundation), Каталоны Diario Sport сонин болон НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF) хамтран жил бүр гаргадаг буяны хуанлид зориулж зураг авалт зохион байгуулсан байна. Ингэхдээ Барселона мужийн орчимд амьдардаг оршин суугчдын дунд сугалаа явуулж, ялсан гэр бүл "Барселона" клубийн үндсэн багийн тоглогчтой зургаа татуулах боломжтой байв. Энэхүү сугалаанд Матаро хотын Рокафонда (Rocafonda, Mataró) ажилчдын хороололд амьдардаг нэгэн цагаач гэр бүл хожиж, хүүгээ Камп Ноу цэнгэлдэхэд авчирсан нь ердөө 6 сартай байсан Ламин Ямал байжээ. Тэр өдрийн зураг авалтад тухайн үед дөнгөж 20 настай байсан, ирээдүйн супер од Лионель Месси хуваарилагдаж таарсан байдаг. Гэрэл зурагчин Жоан Монфортын дурссанаар, Месси маш ичимхий, бүрэг залуу байсан бөгөөд урьд нь хүүхэд тэвэрч үзээгүй байсан тул хуванцар ваннтай усанд байгаа нялх хүүхдийг хэрхэн тэврэхээ мэдэхгүй нэлээд сандарч байсан гэнэ. Ямалын ээж Шейла Эбанагийн тусламжтайгаар зургийг амжилттай авч дуусгажээ. Энэ түүхэн гэрэл зураг бараг 17 жилийн турш мартагдсан байв. Гэвч 2024 оны Европийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Ямалын аав Мунир өөрийн инстаграм хуудсандаа "Хоёр домог эхэлсэн үе" гэсэн тайлбартайгаар энэ зургийг нийтэлснээр дэлхий даяар шуугиан тарьсан юм. Ямалын эцэг эхийн хувьд аав нь Марокко, ээж нь Эквадорын Гвиней гаралтай хүмүүс бөгөөд маш залуудаа хүүхэдтэй болж байжээ. Хүнд хэцүүхэн амьдралтай тэд түүнийг гурван настай байх үед хоёр тийш болж, Ямал ээжийн хамт өөр хот руу нүүсэн юм байна. Хэдий хоёр тийш болсон ч эцэг, эх нь түүнийг хөлбөмбөг тоглох нөхцлийг бүрдүүлэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсөөр 7 настайд нь Барселонгийн академид тэнцэж байжээ. Түүнээс цаашхыг бид бүгд мэдэх байхаа. Хүмүүс энэ зургийн талаар "Месси өөрийнхөө хөлбөмбөгийн авьяасыг усаар дамжуулж Ямалд өгчээ","хувь тавилангийн хамгийн гайхалтай холбоос", эсвэл "Ямалын загалмайлсан эцэг Месси" хэмээн хошигнон ярих болсон байна. Тэрхүү зураг дээрх нялх хүү өдгөө Мессигийн адил "Барселона" клубийн академиас тодорч, түүний өмсөж байсан 19 дугаартай өмсгөлийг (шинэ улиралд 10 дугаарыг ч авч магадгүй байгаа) өмсөн гялалзаж байна. Түүгээр зогсохгүй дэлхийн аваргын том тайзнаа, аваргын төлөөх тоглолтод энэ хоёр учраа таарч байна шүү дээ 🔥 Кор Скорс
ТоймАНГЛИ-АРГЕНТИН 1:2 Англи 60 жилийн өмнөх түүхээ давтаж чадсангүй, 40 жилийн өмнөх шигээ Аргентинд 1:2-оор хожигдлоо. Тоглолтын эхний "ширүүн" уур амсьгалтай өнгөрөв. Бие биеэ түлхэлцээд, нэг нэгээ өдсөн, хөлбөмбөг тоглох биш хэрүүл хийсэн нь их. Дөнгөж 33 дахь минутад л хаалга руу анх цохилтоо хийлээ, урамгүй. Эхний үед бол Англи гэхдээ илүү тоглосон. Хоёрдугаар үе эхлээд удалгүй Рожерсийн хөндлөн дамжуулалтыг "Барса"-ийн шинэ цэрэг Гордон дагуулж цохиод гоол орууллаа. Энэ дэлхийн аваргаар Английн "чимээгүй баатар нь" Энтони Гордон гэхэд буруудахгүй ээ. Тэрбээр 1 гоол, 3 ассисттай явна. Аргентин гоол алдаад харин улам сэргээд ирэв. Английн хаалга руу тасралтгүй довтолсон. Хэдэн ч удаа Пикфорд Англиа аврав, хэдэн ч удаа хаалганы шон нь Английг аврав. Тоглолтын үндсэн цаг дуусахад ердөө тавхан минут дутуу байхад Мессигийн дамжуулалтаар Энцо Фернандес 16-ийх гаднаас цохиж тоог тэнцүүлж, шүүгчийн мэдлийн цаг эхлээд хоёр дахь минутад Месси сэлгээгээр орж ирсэн Лаутаро Мартинесийн яг "толгой дээр" хаяад тоглолтыг эргүүлчихлээ. Супер од бол ийм л байдаг. Хэрэгтэй үед, хэрэгтэй цагт , хамгийн хүнд үед багаа авардаг. Месси Аргентинийг дэлхийн аваргын финалд дахин нэг хөтөллөө. Харин Английн "герман" дасгалжуулагч үргэлжлүүлээд довтлох, эсвэл бөмбөгөө эхний хагас шиг эзэмшихийн оронд дэндүү эрт "харанхуй хамгаалалтад" шилжсэнээр Аргентинд боломж олгосон гэхэд буруудахгүй байхаа. Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд гадны мэргэжилтэн дасгалжуулаад гавьсан, дэлхийн аварга болсон баг байхгүй. Аргентин түүхэн дэх дэлхийн аварга цолоо хамгаалах гурав дахь баг ( Итали 1934,1938, Бразил 1958,1962) болох боломжтой болж байна. Мөн хөлбөмбөгийн ДАШТ-ий финалд долоо дахь удаагаа ( 3 хожил, 3 хожигдол) шалгарч Бразилтай эн зэрэгцэв. Тэдний өмнө зөвхөн Герман найман удаа аваргын төлөө тоглосноороо бичигдэж байна. Ийнхүү сар гаруй үргэлжилсэн ДАШТ өндөрлөхөд ердөө хоёрхон тоглолт үлдлээ. Долдугаар сарын 18-нд Майами хотноо хүрэл медалийн төлөө Франц-Английн шигшээ , харин долдугаар сарын 19-нд Алтан медаль, аваргын цомын төлөө Испани-Аргентин өрсөлдөнө. Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
ТоймФРАНЦ-ИСПАНИ 0:2 Испанийн гоол "өөрөө хүрээд ирээгүй" бол таамаглаж байсан шиг испаничууд бөмбөг эзэмшиж, франц хурдтай сөрөг довтолгоо үе үе хийсээр эхний үе тэнцүү өндөрлөх байв. Гэвч Францын хамгаалагч Люк Динь торгуулийн талбайнаасаа бөмбөг зайлуулахаар бөмбөгөө цөлөх гэхдээ Ямалийг харалгүй өшиглөж орхисон. Яах аргагүй том алдаа, яах аргагүй "пенальти". Испанийн Микель Ояарсабаль 11 метрээс алдсангүй, энэ ДАШТ-ий тав дахь гоолоо орууллаа. Гоол алдсаны дээр францчууд төвийн хамгаалагч Салибагаа гэмтлийн улмаас алдсанаар ерөнхийдөө барьц муутай болсон. Хоёрдугаар хагаст байдал олигтой өөрчлөгдсөнгүй, харин ч Педро Порро хоёр дахь гоолыг оруулснаар Францын гурван дэлхийн аварга дараалан финалдах мөрөөдөл нь замхарлаа. Хамгийн чухал тоглолтдоо хамгийн муу тоглолoo, францчууд. Испани ийнхүү түүхэндээ хоёр дахь удаагаа ДАШТ-ий шигшээ тоглолтод шалгаран үлдлээ. Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
ТоймАРГЕНТИН-ШВЕЙЦАРЬ 3:1 Хэсгийн тоглолтод Aвстри, Алжир, Иордан, хасагдах шатанд Кабо Верде, Египет, Швейцарь. Дэлхийн аварга Аргентиний "амны хүүхдүүд". Гэхдээ аварга хасагдах шатанд их л зовж байж давлаа. Швейцарь Аргентиний хүч чадлыг жинхэнээсээ сорих анхны баг байсан, тийм ч байж чадлаа. Дөнгөж 10 дахь минутад Мессигийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг Макаллистер дагуулж арагш мөргөөд эхний гоолыг оруулан давамгайллыг олж авсан, Аргентин. Гэвч швейцарчууд аажмаар тоглолтыг удирдаж, хоёрдугаар хагаст зүй ёсоор тэнцүүлсэн. Хэрэв Эмбологийн маш тэнэг "жүжиглэлт"-ийг VAR-аар илрүүлж, хоёр шар буюу улаан жавтий хүртээн, швейцарьчууд бүтэн цаг шахуу ( үндсэн цагийн сүүлийн 20 мин+ экстра цагийн 30 мин) хүн дутуу тоглоогүй бол тоглолтын хувь эцсийн үр дүн хаашаа эргэх байсныг хэн мэдлээ. Нэмэлт цагт Хулиан Альварасын 90-ийн буланд зоосон гайхалтай гоё гоолын ачаар "Азын тэнгэр" нь ойр байдаг Аргентин хагас шигшээд шалгарлаа. Тэнд "заналт дайсан" Англи нь тэднийг хүлээж буй. Урьд өмнийн олон "тооцоо бодох" ширүүхэн тулааныг Та бид үзэх нь ээ. Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
МэдээКолумбын шигшээ баг Швейцарт торгуулийн цохилтоор (3:4)хожигдон ДАШТ-ийг орхисон. Нэмэлт цагийн 115 дахь минутад гоол оруулах маш сайхан боломж алдсан Колумбын довтлогч Хаминтон Кампас эх орондоо харихаа түр хугацаагаар ч болов хойшлуулаад байна. Түүнийг болон гэр бүлийг заналхийлсан сошиалд өргөн тархаад байга юм. 1994 онд мөн АНУ-д болсон ДАШТ-ий үеэр өөрийн хаалгандаа гоол оруулсан Колумбын шигшээгийн хамгаалагч Андреас Эскобар эх орондоо очоод бусдад буудуулан харамсалтайгаар амиа алдсан гашуун түүх бий. ⚽️⚽️⚽️⚽️⚽️ АНУ-ын сэтгүүлч, улс төрийн тоймч, тв хөтлөгч Ана Каспарян шууд нэвтрүүлгийн үеэр жинхэнэ онигоонд оржээ. Тэрбээр TYT-ийн эфирт АНУ-Босни ба Херцеговина багуудын тоглолтын мэдээг хүргэхдээ: "Манай АНУ-ын багаас Балогун улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн ч Босни болон Херцеговина хэмээх хоёр жижиг улсыг 2:0-ээр хожиж чадлаа" хэмээн ярьжээ. 😂😂😂😂😂 Перу улсад 500-гаас олон шинээр төрсөн хүүхэд Норвегийн довтлогч Эрлинг Хооландын нэрийг авчээ. Үндэсний бүртгэлийн төвийн мэдээлснээр 468 хүүхэд Хооланд нэр авсан бол 91 хүүхэд Эрлинг Хооланд гэсэн нэрийг авчээ. Мэдээж хөлбөмбөгийн ДАШТ эхэлснээс хойш эхээс мэндэлсэн хүүхдүүд энэ нэртэй болж буй бөгөөд Норвегийг шөвгийн наймд шалгарснаас хойш эрс нэмэгдсэн байна. Перуд мөн Месси нэртэй 3402 хүн, Лионель Месси хэмээн түүний бүтэн нэрийг авсан 292 байдаг гэнэ. Бас Криштиану Роналду нэртэй 1185 , Ламин Ямаль нэртэй 1241 хүн байдаг бол Бразилийн Неймарын "амидаа" 33 809 хүн Перуд байдаг ажээ. ⚽️⚽️⚽️⚽️⚽️ Сүүлийн гурван ДАШТ-д тун амжилтгүй оролцсон Германы шигшээ багийг цуут дасгалжуулагч Юрген Клопп удирдахаар болжээ. Клопп "бундестим"-ийг 2027 оны Үндэстнүүдийн цом, 2028 оны Евро, 2030 оны ДАШТ-д жолоог нь залах аж. ⚽️⚽️⚽️⚽️⚽️ Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Үйл явдал"FIFA Fan Festival™" нь одоогийн байдлаар 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий гол зүрх нь байсаар ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 5.5 сая гаруй хөгжөөн дэмжигчид энэхүү гайхалтай уур амьсгалыг биеэр мэдрээд байна. Энэ удаагийн ДАШТ нь хөгжөөн дэмжигчдийн хувьд жинхэнэ баяр болж байгаа бөгөөд тэдний хамгийн их таашаал авч буй газруудын нэг нь яах аргагүй "FIFA Fan Festival™" юм. Энд том тоглолтуудыг хамтдаа үзэж, амьд хөгжмийн гайхалтай тоглолтуудыг сонирхохоос гадна энтертайнмент хөтөлбөрүүд, амтат хоол хүнс, ундааны өргөн сонголтуудыг багтаасан тусгай хөтөлбөрүүд зохион байгуулагдаж байна. Тэмцээнийг зохион байгуулагч 13 хот дахь "FIFA Fan Festival™"-ийн байршлууд бүгд тэмцээний туршид маш их сонирхол татаж, олон хүнийг хамруулаад байгаа ба энэ нь 2006 онд Германд анх удаа зохион байгуулагдсанаас хойшхи хэсгийн шатны хамгийн өндөр ирцтэй үзүүлэлт болж байна. 2026 оны хэсгийн шатны 17 хоногийн хугацаанд нийт 5,537,184 хөгжөөн дэмжигч "FIFA Fan Festival™"-д зочилсон нь 2018 оны тэмцээний мөн үетэй харьцуулахад (5,068,700 байсан) хол давсан үзүүлэлт юм. "FIFA Fan Festival™"-ийн хамгийн олон хүнтэй өдөр нь 6-р сарын 24-ний өдөр байсан бөгөөд хэсгийн шатны шийдвэрлэх тоглолтуудыг үзэхээр тэмцээнийг зохион байгуулагч гурван улсын бүх талбайд нийт 537,235 хөгжөөн дэмжигч иржээ. Мехико хотын түүхэн Сокало (Zócalo) талбайд болсон арга хэмжээ нь одоогоор хамгийн их хүн цугларсан газар болж байгаа бөгөөд 6-р сарын 18-ны нээлтийн цагаар нэг өдрийн дотор 201,500 хүн зочилсон түүхэн дээд амжилтыг тогтоосон байна. Мексикийн нийслэл хот аль хэдийнэ 1.4 сая гаруй хөгжөөн дэмжигчийг хүлээн аваад байгаа бөгөөд энэ нь 2014 оны Рио-де-Жанейро (937,330) болон 2018 оны Москва (1,187,000) хотуудын тухайн үеийн үзүүлэлтээс хавьгүй их байна. Үнэхээр ч зохион байгуулагч гурван улс бүгд тэмцээний туршид маш өндөр ирцтэй байгааг мэдээллэсэн. Канадын Ванкувер хотын "FIFA Fan Festival™" нэг өдөрт 57,727 хүнийг хүлээн авсан нь тус хотын тэмцээн явагдаж буй цэнгэлдэх хүрээлэн болох "BC Place"-ийн хамгийн дээд багтаамжаас ч давсан үзүүлэлт юм. АНУ-ын хувьд Майами хот Атлантаг багахан зөрүүгээр тэргүүлж, нийт 406,715 хүн (өдөрт дунджаар 45,000 орчим хүн) хүлээн авснаар хамгийн их ирцтэй газар болоод байна. Үүний зэрэгцээ Канзас-Сити хотын зохион байгуулагчид дэлхийн 157 өөр улсаас ирсэн хөгжөөн дэмжигчид тус талбайд зочилсон гэж мэдээллэжээ. Талбай дээрх тусгай идэвхжүүлэлт болон үйлчилгээнүүд, тухайлбал "Bank of America"-ийн "Fan Band" (Хөгжөөн дэмжигчийн бугуйвч) зэрэг нь цахим орчинд маш их хандалт авч, шуугиан тариад байна. Мөн худалдаа эрхлэгчид бараг хоёр сая орчим ундаа, ус, мөн хоёр сая гаруй согтууруулах ундаа борлуулсан гэж мэдээлэв. Тэмцээн хасагдах шат руу шилжиж байгаа энэ үед "FIFA Fan Festival™"-д зочлох шалтгаанууд улам бүр нэмэгдсээр байна. Талбай дээрх тэмцэл улам ширүүн болохын хэрээр талбайн гаднах сэтгэл хөдлөл, догдлол ч мөн адил өсөх нь дамжиггүй бөгөөд хором мөч бүр чухал ач холбогдолтой байх болно. Талбай дээрх драмын үйл явдлууд нь талбайн гаднах гайхалтай энтертайнмент хөтөлбөрүүдтэй хамт үргэлжлэх юм. Хэсгийн шатны тоглолтуудын үеэр Питбул (Майами), The Chainsmokers (Канзас-Сити), Imagine Dragons (Монтеррей) зэрэг алдартнууд тоглолтоо толилуулсан бөгөөд ийм томоохон хэмжээний тоглолтууд 7-р сарын 19-нд болох 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий финал хүртэл үргэлжлэх болно. Людакрис (Атланта), Жа Рул ба Ашанти (Майами), All-American Rejects (Канзас-Сити болон Филадельфи), Фло Райда (Ванкувер) зэрэг алдартай уран бүтээлчид "FIFA Fan Festival™"-ийн талбайнуудад тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Гэр бүлд зориулсан олон төрлийн асрууд, орон нутгийн хоолны мухлагууд болон төрөл бүрийн ундаа, зуушны сонголтуудтай "FIFA Fan Festival™" нь хүн бүрийн зочилж, Дэлхийн аваргын онцгой мэдрэмжийг таашаах хамгийн шилдэг газар юм!
ТоймИСПАНИ 2-1 БЕЛЬГИ Гэнэтийн шийдвэрээр гараанд гарсан Фабиан Руис болон сэлгээгээр орж ирсэн Микел Мерино нар гоол оруулснаар Лос-Анжелес цэнгэлдэх хүрээлэнд болсон 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтын хувь заяаг шийдэв. Луис де ла Фуэнтэгийн удирдсан баг одоо Даллас цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий түүхэн дэх хамгийн том хагас шигшээ тоглолтуудын нэгд Францтай өрсөлдөх болно. Педрийг орлон гэнэт гараанд гарсан Фабиан Руис, Тибо Куртуагийн хаасан Дани Ольмогийн цохилтыг нэмж гүйцээн гоол оруулж, тооны харьцааг нээсэн юм. Ламин Ямалын хурдтай довтолгоо хаалганы гадуур гэхдээ шонтой маш ойрхон өнгөрсний дараа Бельгийн баг сөрөг довтолгооноор хариу барьсан. Кевин Де Брюйнегийн гайхалтай дамжуулалтаар Тимоти Кастань чөлөөтэй довтолж, түүний дамжуулалтыг Шарль Де Кетеларе мөргөж гоолдсоноор тооны харьцааг тэнцүүлсэн. Агуу хаалгач Куртуа 71 дэхь минутад бэртлийн улмаас талбайг чөлөөлөв. Түүний оронд орсон Сенне Ламменс Пау Кубарсигийн алсын зайнаас хийсэн цохилтыг барьж чадаагүй бөгөөд Мерино сул ирсэн бөмбөгийг хаалганд оруулж, тоглолтын хувь заяаг шийдвэрлэсэн. Шарль Де Кетеларе Унай Симоны 560 минут бөмбөг алдаагүй цуврал амжилтыг зогсоолоо. Испанийн хаалгач нь 1990 онд Италийн шигшээ багийн төлөө 517 минут бөмбөг алдаагүй байсан Вальтер Зенгагийн дэлхийн аваргын түүхэн дэх дээд амжилтыг эвдээд байсан юм. Испанийн баг Даниел Муньозын оруулсан цорын ганц гоолоор Колумбид хожигдсоноос хойш 36 тоглолт дараалан хожигдоогүй амжилтаа үргэлжлүүллээ. Энэ нь Лионель Мессигийн Аргентины 2019-2022 оны хооронд тогтоосон хожигдоогүй цувралтай тэнцэх үзүүлэлт бөгөөд зөвхөн 2018-2021 оны хооронд Италийн тогтоосон 37 тоглолттой цувралын л ард бичигдэж байна. “Энэ манай багийн онцлог юм. Ийм хичээл зүтгэлтэй, улам сайжрахыг эрмэлздэг багийг дасгалжуулж байгаа маань нэр төрийн хэрэг. Бид Францыг хожиж чадна гэдэгт итгэх нь зүйн хэрэг бөгөөд үүний төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно. Бид тэднийг хоёр удаа хожиж чадсан цорын ганц баг. Гайхалтай баг өөр нэгэн гайхалтай багтай нүүр тулах гэж байна.” — Луис де ла Фуэнтэ, Испанийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч “Би үнэхээр их баяртай байна. Ийм зүйл тэр бүр тохиолдоод байхгүй шүү дээ. Бид Дэлхийн аварга болоход ердөө хоёрхон тоглолт дутуу байна. Энэ бол биелж буй мөрөөдөл юм. Үүнд хүрч чадна гэж найдаж байна. Бүгд л биднийг үзэж байгаа. Энэхүү баяр баяслыг авчирч чадна гэдэг бол бахархал юм. Хагас шигшээгийн энэ шатанд Францын эсрэг тоглоно гэдэг хамгийн шилдэг багтай л тулна гэсэн үг.” — Микел Мерино, Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч
ТоймБЕЛЬГИ-АНУ 4:1 АНУ-ын ерөнхийлөгч Трамп ФИФА руу утас цохин , улаан картны торгуулийг аргалсан ч хөлбөмбөгчид нь "Улаан чөтгөрүүд"-ийг аргалж дөнгөсөнгүй. Мэдээж ФИФА-ийн сахилгын комисс улс төрийн нөлөө, дарамт шахалтаар хөлбөмбөгийн ДАШИ-ий түүхэнд байгаагүй шийдвэр гаргасан нь шившигтэй. Үүнд дургүйцсэн маш олон хөлбөмбөг сонирхогчид Бельгийн "Улаан чөтгөрүүдийг" дэмжсэн. Хөлбөмбөгийн ногоон талбай шударга тэмцлийн талбар байх ёстоыг энэ тоглолт, Бельгийн илт ялалт баталлаа. Трамп "агаа" багтаа тус биш ус хийлээ дээ. Хохирогч нь АНУ-ын шигшээ, хэлмэгдэгч нь Фоларин Балоган боллоо доо. Бельгийн Лукаку энэ ДАШТ-д гурван удаа талбайд сэлгээгээр ороод гурвууланд нь гоол оруулсан анхны хөлбөмбөгчин боллоо. ШВЕЙЦАРЬ -КОЛУМБ 0:0 ( т.ц. 4:3) Хэт цэнэсэн , аль аль нь довтлох, гоол хийх оролдлого хийхээс илүү өөрсдөө алдаа гаргахгүй, өрсөлдөгчийнхөө алдааг хүлээсэн иймэрхүү тоглолт хасагдах шатанд элбэг тохиолддог. Ялангуяа хүч тэнцүү хоёр баг. Испани-Португалыг ч иймэрхүү тоглолтод тооцож болно. Ингээд үндсэн болон нэмэлт цагт 0:0-ээр өндөрлөж, 11 метрийн торгуулийн цувралаар ялагчийг тодруулахад Колумбын Санчесийн цохилт хөндлөвч онож, Эрнандес цохилтоо хаалгав. Швейцарь яагаад ч юм Аканжигаар пенальти цохиулах юм. 2020, 2024 оны Евро гээд хоёр ч том тэмцээнд "пенальти" алдсан хүн шүү дээ. Энэ удаа ч Аканжи хаалгаа ч оносонгүй. Харин Швейцарийн бусад нь алдаа гаргасангүй ээ. Швейцарь шөвгийн наймд 72 жилийн дараа дахин шалгарч байна. Тэртээх 1954 онд нутагтаа болсон ДАШТ-д шөвгийн наймд шалгарч байсан түүхтэй. Колумбын хувьд нэмэлт цагт гарсан боломжоо ашиглаж чадсан бол Хаместайгаа хамт түүх бичих байлаа, харамсалтай. Хамес Родригес гээд бас нэгэн супер тоглогч, ганган найруулагчийн бас л сүүлийн ДАШТ болох шиг боллоо доо. АРГЕНТИН-ЕГИПЕТ 3:2 Дахиад л Месси, ахиад л Месси. Алдлаа Месси, Аварлаа Месси, Аргентинийг. Египет бол гайхалтай байлаа. 2:0 -ээр хожиж( + 1 гоолыг нь тооцоогүй) явсан 78 дахь минутад. Яаж ийгээд л 12 мин( дээр нь шүүгчийн мэдлийн 5-6 мин) тэссэн бол жинхэнэ сенсаац тарьж, жинхэнэ түүх бичих байлаа ш дээ. Аргентинийг, Мессиг ёстой л нөгөө хөлбөмбөгийн "бурхан" нь харж үзээд байх шиг ээ. Дээр тэд үнэхээр зүрх сэтгэлээсээ тоглож, "амиа тавьж" байгаа гайхалтай. Ийм багийг хожиход хэцүү л дээ. Мэдээж бас шүүгчийн шийдвэрийг шударга бус, Аргентинд, Мессид тал зассан, ФИФА-д мөнгө, Месси хэрэгтэй гэсэн шүүмжлэлүүд гарч байгаа. Гэхдээ ямар ч байсан л гайхамшигт нэгэн тоглолт үзэж, яагаад хөлбөмбөгт дуртай байдгаа мэдэрлээ дээ, та бид. Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
ИСПАНИ-ПОРТУГАЛ 1:0 Хэдийгээр харахад тоглолт тийм өндөр хэмнэлтэй бус, хэн хэнээ цэнэсэн , алдааг нь отсон, зайг нь хүлээсэн тоглолт болж буй ч бидэнд харагдахгүй асар их сэтгэл зүйн дарамт, мэдрэгдэхгүй тулаан өрнөж байгаа. Эхний үед Испаний Ойарзабаль, Баэна нарын аюултай довтолгоог Португалын хаалгач Диогу Кошта хаасан бол Нуну Мендешийн хүчтэй цохилтоос Испанийг хаалганы хөндлөвч аврав. КР7 бас хоёр ч удаа хаалга довтлоод амжсан ч Испанийн хаалгач Унай Симон хаасан. Тоглолтын үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн цаг дөнгөж эхэлж байх үед Испанийн сэлгээгээр талбайд гарсан Ферран Торресийн зүүний сүвэгч шиг зайгаар хийсэн дамжуулалтыг мөн л сэлгээгээр талбайд орсон Мерино оновчтой доод буланд цохиод "Ялагдашгүй Армада" шөвгийн наймд шалгарлаа. Унай Симон хаалгандаа гоол алдалгүй 609 минут тоглон ДАШТ-ий бас нэгэн рекорд тогтоолоо. Харин зургаан ДАШТ-д дараалан гоолдсон Криштиану Роналдугийн сүүлчийн дэлхийн аваргын ( мөн Португалын шигшээгийн) тоглолт нь энэ боллоо. Хоёр арваны турш дэлхийн хөлбөмбөгийн оргилд байсан нэгэн домог ийнхүү дахиад шигшээ багтаа тоглохгүй нь ээ. КР7 агшин алдалгүй "крупный план"-аар харуулах асар олон камерны өмнө биеэ ихэд барьж, нулимсаа харуусалтайгаа хамт дотогшоогоо хийж байсан ч эцэст нь тэсэлгүй аньсгаа арчих тэр л агшинд энэ аугаа тоглогчид бүгд хүндлэл үзүүлж, алга ташиж байлаа. Том тоглогчид, тод одууд, хэнд ч хүндлэгдэх домгуудын энэ агшин л хамгийн хэцүү байдаг даа. Өчигдөр Неймар, өнөөдөр Криштиану Роналдуг дэлхийн аваргын ногоон зүлгэн дээр сүүлчийн удаа тоглохыг харлаа, гоё ч юм шиг , гунигтай ч юм шиг... Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Үйл явдалБразилийн шившигтэй хожигдлоос ч илүү шившигтэй зүйл хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд анх удаагаа тохиох гэж байна. Хөлбөмбөг жаахан гадарладаг захын жаал ч улаан хуудас авсан тоглогч дараагийн тоглолтыг автоматаар өнждөг. Дээр нь улаан хуудас авсан шалтгаанаас болж сахилгын шийтгэл ч оногдуулж болдог гэдгийг. ДАШТ-ийг зохион байгуулагч АНУ-ын шигшээ багийн гол довтлогч Фоларин Балогун хасагдах шатны эхний Босни Херцеговинатай хийсэн тоглолтын үеэр аюултай тоглолт хийж улаан хуудсаар торгуульсан. Дүрэм, журмаар Балогун Бельгийн эсрэг хийх тоглолтыг өнжих учиртай. Тэгтэл ФИФА Балогуныг Бельгийн эсрэг тоглолтод оролцож болно гэсэн шийдвэр гаргаж. Гаргах гаргахдаа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг ФИФА-ийн босс Ж.Инфантинотой утсаар ярьсны дараа энэ шийдвэрийг гаргажээ. Шившигтэй. Д.Трамп ч сошиал хуудсаар ФИФА-д баярлаж талархсанаа илэрхийлж!!! Ийм юм байж болдог юм уу?!?!? ⚽️⚽️⚽️⚽️⚽️ Бразилийн хожигдол гэснээс олон хүн Винисиус Жуниорыг яагаад "пенальти" цохиогүйг ойлгоогүй. Тэгвэл Бруно Гимарэйнс 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн нь дасгалжуулагчдын багийн шийдвэр байжээ. Судалгааны үндэс, статистик зэргийг хараад хэрэв пенальти болбол Неймар цохих сонголттой байж. Харамсалтай нь пенальти болох үед Неймар "сэлгээний суудалд "байсан. Неймарын дараа Игорь Тиагу, Рафинья, Бруно Гимарэйнс , Мартинелли гэсэн дараалалтай байсан бөгөөд Бразилийн шигшээгийн хувьд Винисиус Жуниор топ таван "пенальтист"-д багтдаггүй ажээ. Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
ТоймБРАЗИЛ-НОРВЕГИ 1:2 БАЯРТАЙ, БРАЗИЛ! САЙН БАЙНА УУ, ХӨЛБӨМБӨГ? 44 жилийн өмнө Испанид болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг Монголд гэртээ ахтайгаа цуг ТВ-ээр Бразил-Италийн тоглолтыг (2:3) үзээд, жилийн өмнөөс сэтгэл зүрхээ зориулах болсон Бразилийн шигшээгээ, өөрийн шүтдэг Зикогоо хожигдохыг, дэлхийн аварга болно гэж баттай итгэж байсан Бразилаа, хөлбөмбөгийн ид шидийг, уран гоё тоглолтыг үзүүлж байсан Зико, Сократес, Фалькао, Жуниор нартай тэр "Селесао" -г хожигдсон гэдэгтэй огтхон ч эвлэрч чадахгүй, шөнөжин орондоо уйлж хоносон 14 настай тэр л хүү би үүнийг бичиж байна. Ялгаатай нь өнөөдөр би Нью Йорк/Нью Жерсигийн "Метлайф" цэнгэлдэхэд хүрээлэнд Бразил-Норвегийн (1:2) тоглолтыг 80,000 хөгжөөн дэмжигчдийн хамт үзсэний яг дараа ФИФА -ийн албан ёсны хэвлэл, мэдээллийн төвд, ДАШТ-ийг албан ёсоор сурвалжилж буй сэтгүүлчийн хувиар үүнийг бичиж байна. Энэ жилийн Бразилийн шигшээ олон асуудалтай байсаан, бүрэлдэхүүн сул,багийн амжилт гэхээс хувийн амбицаа боддог тоглогчидтой, зүрх сэтгэлээсээ тоглодоггүй одонцорууд, магадгүй ДАШТ-ий түүхэн дэх хамгийн муу Бразилийн шигшээ ( лав л миний ТВ-ээр үзсэн найм, газар дээр нь үзсэн дөрвөн хөлбөмбөгийн ДАШТ-ий хувьд) гэж бодож байсан ч дотроо юмыг яаж мэдэх вэ, түрүүлдэггүй юм гэхэд финалд, ядахдаа хагас шигшээд хүрчихээсэй гэж дотроо битүүхэн горьдож байснаа нуух юун. Гэхдээ Норвегид бол хожигдоно гэж огтхон ч төсөөлсөнгүй. Норвеги таван удаа л аюултай довтолгоо хийхдээ хоёрыг нь гоол болгочихлоо. Гурвыг нь Алиссон Бекер маань аварсаан аварсан. Эрлинг Хааландыг мэдсээр байж мөргүүллээ, харсаар байж цохиуллаа. Норвегийн "Терминатор" Бразилийн хаалганд хоёр гоол хийснээр нийтдээ 7 гоолтой болж, энэ ДАШТ-ий "мэргэн буучийн" жагсаалтыг Месси, Мбаппе нарын хамт тэргүүлж эхэллээ. Манайхаас Бруно Гимарэйнс "пенальти" алдлаа. Вини Жуниор цохисонгүй, цохих хүсэлгүй байсан байх. Талбай дээр байсан үгүй нь бараг мэдэгдсэнгүй. Хүмүүс Виниг од л гээд байдаг юм. Би бол биеэ тоосон, хэт үнэлэгдсэн тоглогч л гэж хардаг. Мбаппе, Вини хоёр гоол хийдэг нь үнэн, гэхдээ хичнээн олон гоолын боломж алддаг гэдгийг ярьдаггүй. 90 минутад ганц боломж гарахад тэрийг алддаггүй довтлогчийг л жинхэнэ супер гэдэг. Дэргэд нь Хааланд супер юмаа. Эндрик хүү гоол хийх 100 хувь боломж, баатар болох боломжтойгоо хамт хийсгэлээ. Норвегийн хаалгач эсрэгээрээ "викингчүүдийн" аврагч болов. Бразил маань баяртай боллоо. Гэхдээ нүдэнд минь нулимс хурсан ч уйлсангүй ээ. Энэ олон дэлхийн аваргаар , энэ л хасагдах шатанд Европын багуудад хожигдсоор байгаад зүрх сэтгэл минь "хөрчээ", аймаар юм. Миний хувьд , Бразилийн фанатын хувьд "дотроо" ДАШТ-аа дуусгалаа. Гэхдээ ДАШТ-ийг албан ёсоор сурвалжилж буй сэтгүүлчийн хувьд бол "дуусах" болоогүй, төгсгөл хүртэл явна, аялалаа үргэлжлүүлнэ. Маш олон найз нөхөд, гэр бүлийнхэн , Бразилийг дэмжигчид тайтгаруулах гэж, зарим хөлбөмбөгийн найзууд маань шарыг минь малтах гэж( би өөрөө тэдний багийг хожигдоход яг адилхан хорыг нь малтдаг) чат бичиж, утас цохиж байна. Бүгдэд нь хариу өгөх цаг, боломж байхгүй тул энд ингээд бичлээ. Мэдээж Бразилийн хөлбөмбөгийн фанатууд өнөөдөр "уйлж", Норвегийн балиашигууд дуулж байгаа. Маргааш нөгөөдөр, сар жилийн дараа бас нэг хэсэг нь уйлж, нэг хэсэг нь дуулах л болно. Энэ чинь хөлбөмбөгийн хамгийн гоё хэсэг, энэ чинь л хөлбөмбөгийг яагаад дэлхий даяараа хуйлран үздэгийн шалтгаан шүү дээ. Одоо сэтгүүлчдийн автобусдаа суугаад цэнгэлдэхээс хөдлөх гэж байна. Тэгээд нисэх буудлыг зорино. Маргааш Далласт, нөгөөдөр Атлантад очих ёстой. Аргентин, Египет, Испани, Португалын ялалтыг, эсвэл хожигдлыг харах ёстой, бичих ёстой. Дараа нь Норвегийн гайхамшигт ялалтыг ч бичих л болно. Энэ аугаа спортыг хүмүүст хүргэх, хөлбөмбөгт дурлуулах үүрэгтэй. Тиймээс хэзээ ч хөлбөмбөг дуусдаггүй , ДАШТ төгсдөггүй юм. Дөрөвхөн жилийн дараа Бразилийн шинэ шигшээг бас л дэмжээд л явна, хожих, хожигдох нь хамаагүй ээ. Энэ бол хөлбөмбөг! МЕКСИК-АНГЛИ 2:3 ДАШТ-ий бас нэгэн чимэг болсон тоглолт боллоо. Англичууд Мексикийг цуут "Ацтек" цэнгэлдэхэд ДАШТ-д хожсон баг болжээ. Жуд Беллингем 98 секундын зайтай 2 гоол оруулан Англи хошуучилж эхэлсэн ч "ацтекүүд" амар бууж өгөөгүй ээ. Мексикийн Киньонес тооны зөрүүг багасгаж, Английн Куанса "улаан жавтий" хүртсэнээр англичууд хагас цагийн турш 10-уулаа тоглохоор болж, тоглолт улам сонирхолтой болов. Харри Кэйн "пенальти"-ийг бол "авч, өгч" чаддагаа харуулсан. Мексикчүүд тоглолт дуустал шургуу довтолсон ч үр дүнд хүрч чадсангүй ээ. Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
ТоймХөлбөмбөгийн ДАШТ-ий шилдэг 16-гийн тоглллтууд өнөөдөр эхэллээ. КАНАД-МАРОККО 0:3 ДАШТ-ийг зохион байгуулагч гурван орны баг гурвуулаа хасагдах шатанд шалгарч том амжилт гаргаад байсан. Канадчууд гэхэд л хөлбөмбөгийн ДАШТ-ий анхны оноо, анхны хожлоо авч түүхээ шинээр бичсэн. Харин энэ удаа хоккейн эх орныхон хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африкийн анхны баг ( 2022 онд) Мароккогийн "Атласын арслангууд"-ын эсрэг юу ч хийж чадсангүй 0:3-аар "цэвэр тавиуллаа". Марокко ийнхүү шилдэг наймд шалгарч дөрвөн жилийн өмнөх амжилтаа давтахад ганцхан алхам үлдлээ. Харамсалтай нь энэ ДАШТ-ий нэгэн нээлт , "Атласын арслангуудын" шилдэг довтлогч Исмаэль Сайбари гуяны арын булчингийн гэмтлийн улмаас талбайг орхисон. Хэр ноцтой нь одоогоор тодорхойгүй байна. Марокко залуу хэдхэн хоногийн өмнө Германы "Бавари"-д 55 саяын гэрээгээр нэгдсэн билээ. ФРАНЦ-ПАРАГВАЙ 1:0 Цорын ганц гоолыг Килиан Мбаппе 70 минутад "пеналти"-аас хийлээ. Тоглолтын туршид гоол орох бодит ердөө хоёрхон гарсны нэг нь энэ. Нөгөөх нь 90+6 дээр Мбаппе хоёр ч цохилт угсруулан хийгээд хоюуланг нь хаалгасан. Парагвай бол хаалга руу чиглэсэн цохилт хийхээс илүү өрсөлдөгчийнхөө хөл рүү өшиглөхийг илүүд үзсэн нь илт. Хурдтай, ур чадвар өндөр Францын довтолгоог ингэж л зогсоох тактик барьсан бололтоы. Хачирхалтай нь энэ тоглолтыг талбайд шүүсэн узбек шүүгч парагвайчуудын бохир тоглолтод нэг ч шар "жавтий" хүртээсэнгүй. Харин францчуудыг гурван ч шар хуудсаар торгоно лээ. Узбекүүд ер булхайнд гаргуун, хахууль өгнө ч, авна ч. Тэгэхээр бид хардах эрхтэй хэ хэ. Энэ тоглолт энэ ДАШТ-ий хамгийн халуунд болсон тоглолтоор тодорсон. Цельсийн 37 градус байсан бөгөөд талбайд наранд тоглож буй тоглогчид бүү хэл сүүдэр талд суусан бид хүртэл " хайлах" шахсан. Мөн энэ тоглолт АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдрөөр, бүүр 250 жилийн ойгоор боллоо. Болох болохдоо АНУ-ын тусгаар тогтнол, түүхэнд тод мөрөө үлдээсэн ( Манайхаар бол Хиагт, Алтанбулаг ч юм уу) Филадельфид боллоо. Шөвгийн наймын эхний учраа ФРАНЦ-МАРОККО ийн тодров. Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
ТоймИСПАНИ-АВСТРИ 3:0 Өмнөх орой нь Бэй Аэриад АНУ-Босни Херцеговинагийн тоглолтыг үзээд шөнө 2-3 цаг орчим нүдний хор гаргаад Сан Рамоноос Лос Анжелес хүртэл 600 гаруй км газрыг таван цаг гаруй жолоо мушгин ирж үзсэн болохоор урам хугарлаа, Австрийн тоглолтод. Испаничууд талбайд тун тайвнаар ноёрхож, бөмбөгийг илүү эзэмшиж, илүү довтоллоо. Хасагдах шатанд тоглож байж австричууд тун үлбэгэр байв. 80-аад онд Кранкль, Прохазка, Пеццей гээд гоё гоё тоглогчидтой уран гоё тоглолттрй баг байсан даа. Хасагдах шатны тоглолт дотор хамгийн "ойлгомжтой" тоглолт боллоо. ПОРТУГАЛ -ХОРВАТ 2:1 Хөлбөмбөгийн бас нэгэн гайхамшигтай тоглолт. Юу юу болоод өнгөрөв өө гэмээр хэмнэлтэй, ямар ч зөгнөлт зохиолч таашгүй өрнөлттэй тоглолт. Хорватын хашир бурхи Перишич дархан солгой хөлөөрөө Португалын хаалгыг мялаасан бол өнөөх Криштиану Роналду " пенальтиар" оноогоо тэнцүүлсэн. КР7-ийн бас нэг гоолыг тооцоогүй (оффсайд буюу отон тоглолт байсан). Тоглолт цаг сунгах нь дээ (90+4) гэж байхад КР7-ийн оронд талбайд сэлгээгээр гарсан Гонсалу Рамуш ганган мөргөн Португал 2:1-ээр хожлоо гэж бодоход л (90+13) хорват нь эргээд л гоолдоод ёстой л галзуу тоглолт, галзуу төгсгөл боллоо. Мэдээж "пенальти", сүүлийн гоолын талаар маргалдсаар л байна, тэр хамаагүй. Үнэхээр гоё тоглолт болсон гэдэгтэй хэн ч маргахгүй нь ойлгомжтой. Хөлбөмбөг гэдэг чинь л энэ шүү дээ. ШВЕЙЦАР-АЛЖИР 2:0 Тоглолт эхлээд удалгүй гоол хийж тэргүүлэл олж авсан швейцарчууд тун тэвдэлгүй тоглосоор эхний хагасын дуусгасан өод хоёрдугаар хагас эхэлмэгц хоёр дахь гоолоо оруулж, төвөггүйгээр ялалтаа дархаллаа. Швейцарийн 20 настай хагас хамгааоагч Йоан Манзамби гээд тун сайн залуу гарч иржээ. 3 гоол +2 дамжуулалттайгаар Месси, Мбаппе, Дембеле нарын ард л гоол+дасжуулалтаар бичигдэж байна. 1/8 -ийн найман тоглолтын 6 хос тодорхой боллоо. Парагвай-Франц, Канад-Марокко, Бразил-Норвеги, Мексик-Англи, Португал-Испани, АНУ-Бельги нар учраа таараад байна. Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
ТоймХөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь тэмцээний хасагдах шатны "нэгийн даваа" гал гарсан олон тоглолттой, ганган гоё олон гоолтой , ДАШТ-ий түүх, рекорд нэг бус шинэчлэгдсэн гэсэн тодотголтой болж өндөрлөлөө. Анх гараанаас гарсан 48 багийн 2/3 нь буюу 32 баг гэр рүүгээ буцаж, шилдэг 16 баг хоёрын даваанд халз үзэхээр тодорлоо. ДАШТ эхэлснээс хойш 88 тоглолт болж, нийт 257 гоол ( нэг тоглолтын дундаж нь 2,92 харьцангуй өндөр байна. Цэнгэлдэхэд нийтдээ 5,7 сая хүн ( дунджаар 64 800 ) үзээд байна. Аргентиний Месси 7 гоолтойгоор "мэргэн буучдын" жагсаалтыг хошуучилж явна. Тэрбээр мөн ДАШТ-ий түүхэнд хамгийн олон тоглолтод (30 тоглолт) оролцож, бас хамгийн олон гоол( 20 гоол) оруулсан анхны хөлбөмбөгч боллоо. Криштиану Роналду ч зургаан ДАШТ-д гоолдсон анхны хөлбөмбөгч болж, ДАШТ-ий түүхэн дэх хамгийн ахмад насандаа плэй-оффт тоглосон болон гоолдсон рекордыг шинэчлэв. "Сүүлчийн бүжгээ" хоёр супер од жинхэнэ үзүүштэй "бүжиглэж" рекорд дагуулсаар байна. АВСТРАЛИ-ЕГИПЕТ 1:1 ( т.ц . 2:4 ) Ази тивийн сүүлчийн төлөөлөл "Ногоон тивийнхэн" маань Африкийн шилдэг багуудын нэг, Мо Салах тэргүүтэй "фараон"-уудыг барсангүй. 120 минутад ялагч тодорсонгүй, Египет илүү тоглосон ч ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодрууллаа. Аз од Австралийг ивээсэнгүй, хоёр тоглогч нь хаалганы дээгүүр буудаснаар Салах ба түүний нөхөд 2:4-өөр хожин дараагийн даваанд гарах боллоо. АРГЕНТИН-КАБО ВЕРДЕ 3:2 ( н.ц) Дэлхийн аваргын чимэг болсон бас нэгэн тоглолт. Анх удаагаа ДАШТ-д оролцсон Кабо Вердегийн шигшээ Аугаа Месси тэргүүтэй дэлхийн аваргуудад тахимаа тийм ч амар өгсөнгүй. ДАШТ-ий нээлт, 40 настай хаалгач Возинья Мессигийн гурван ч аюултай бөмбөгийг хаасан. Хоёр удаа гоол алдсан ч хоёр удаа тэнцүүлж дөнгөв, Кабо Верде. "Ногоон хошууны арлын" хөлбөмбөгчид ногоон талбайд үүрд үлдэх амжилт тогтоогоод гэртээ харих болов. Тиймээ тэд энэ ДАШТ-д нэг ч тоглолтод үндсэн цагт ялагдсангүй хараа дээгүүр, нүүр бардам ногоон хошууны арал руугаа баатрын ёсоор буцаж байна. Месси тэргүүтэй дэлхийн аваргуудтай 111 дэх минут хүртэл тэнцүү үзлээ, гайхалтай гайхалтай. КОЛУМБ-ГАНА 1:0 Тоглолтын эхэнд гоол хийж, тэргүүллийг авсан ч Колумб хамгаалсангүй үргэлжлүүлэн довтолсоор, илүүрхсээр итгэл төгс хожил авлаа. Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
ТоймБЕЛЬГИ-СЕНЕГАЛ 3:2 Энэ ДАШТ-ий хамгийн "драма"-тай тоглолт боллоо. Тоглолтын үндсэн цаг дуусахад ердөө дөрөвхөн минут дутуу, Сенегалчууд 2:0-ээр хошуучилж явахад энэхүү "драма" дөнгөж эхэлсэн юм. Бельгийн хашир хандгай Лукаку 86 дахь минутад гоолдсоноор "Улаан чөтгөрүүдэд" хонгилын үзүүрт гэрэл "харагдсан" байх. Дараа нь ердөө гуравхан минутын дараа Троссардын дамжуултыг Бельгийн багийн ахлагч Тилеманс мөргөөд 2:2 болгосон. Энд Сенегалын хаалгач уучилж боломгүй алдаа гаргасныг дурьдахгүй өнгөрч болохгүй. Сонирхолтой нь хэдхэн минутын өмнө Троссард, Тилеманс муудалцан үг шидэлцэж, бараг л барилцаж авахаа дөхсөн. Тэгтэл мань хоёр Бельгийн аврагчид болох нь тэр. Ингээд Сенегал амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхийн үлгэр болов. Үлгэр үүгээр ч дууссангүй. Нэмэлт 30 минутад хэн хэн нь гоол хийж чадсангүй явсаар 120 минут буюу тоглолтын цаг дуусах үед шүүгч VAR -ийн оролцосноор бичлэг давтан нягталж үзээд Сенегалын хаалганд "пенальти" заасан. Сенегалын хамгаалагч Сисс 11 метрийн торгуулийн цохилтын цэг дээр элгээрээ даран унаж "хамгаалсан" ч шүүгчийн шийдвэрийг яалтай? "Улаан чөтгөрүүдийн" ахлагч Тилеманс 11 метрээс тун ч тайван , бас мэргэн цохин хожлын гоолыг оруулснаар энэ "жүжиг" хөшгөө хаалаа. АНУ-БОСНИ ХЕРЦЕГОВИНА 2:0 "Гэрийн нохойн сүүл өөдөө" гэж үг бий дээ. Монголчууд зүгээр ч нэг үг хэлдэг. Харин энэ дэлхийн аваргаар "гэрийн нохдын сүүл өөдрөг" гэдэг болж байна. Анх удаа гурван орны нутаг дэвсгэр дээр зохиогдож буй ДАШТ-ий хасагдах шатанд зохион байгуулагч гурван орны баг гурвуулаа шалгарсан төдийгүй гурвуулаа эхний давааг амжилттай даван, шилдэг 16-д багтлаа. Канад, Мексикийн араас АНУ нэмэгдлээ. АНУ өнөөдөр Босни Херцеговинагийн эсрэг тоглосон. Э.Жеко тэргүүтэй, Их Югославын "тасархай" болохоор тун сайн үзэх байх гэж хүлээж байсан ч болсонгүй. АНУ-ын залуу багт ёстой л "дарамтлуулав". Америкийн хоёр ч гоолыг нь отон тоглолт байсан учир тооцоогүй ч тэд дахиад хоёр гоол оруулж чадлаа. Хоёр дахь гоолыг бүүр арвуулаа байхдаа ( Балогун нь улаан хуудас авсан) хийлээ, америкчууд чөлөөт цохилтоос. Хурд, идэвх, санаачилга, довтолгоо гэх юм Боснид огт байсангүй. Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
ТоймМексик 2:0 Эквадор Мексик гоол: Күйнонес (22), Химэнез (31) Энэ удаагийн ДАШТ -ийг зохион байгуулагч 3 орны нэг болох Мексикчүүд төгс гэж хэлж болохуйц форм үргэлжилсээр л байна. Тэд Шөвгийн 16-д шалгарч үлдэхийн төлөө Өмнөд Америк тивийн төлөөлөл болох Эквадортой учраа таарч тоглолоо. Мексик улсын Мехико цэнгэлдэхэд болсон уг тоглолт цаг агаарын таагүй байдлаас болж хойшилж эхэлсэн. Тоглолтыг талбайн эзэд гайхалтай эрч хүчтэй, түрэмгийлж эхлүүлсэн бөгөөд тун удалгүй эсрэг багийнхаа хаалганы торыг хөдөлгөж чадлаа. Гоолын эзэн нь бид бүхний эчнээ танил, ДАШТ – 2026 тэмцээний нээлтийн гоолыг оруулсан Хулиан Күйнонес байсан юм. Үүнээс ердөө 9-хөн минутын дараа Мексикийн алдарт довтлогч Раул Хименез цөм цохиж гоолдсноор тооны харьцааг 2:0 болгосон юм. Түүний гоолын дамжуулалтыг өнөөх л Күйнонес бэлдэж өгөв. Хасагдах аюултай нүүр тулсан Эквадорчууд үлдсэн хугацаанд “амьд үлдэх” гэж хичээж, маш олон аюултай довтолгоог удаа дараалан зохион байгуулж байлаа. Гэвч Мексикийн хана хэрэм мэт хамгаалалтыг нэвтэлж чадсангүй. Дараагийн шатанд шалгарч үлдэх найдвартай хоёр гоолоо оруулсан болохоор талбайн эзэд хамгаалтдаа илүү төвлөрч, үе үе сөрөг довтолсон байдалтай тоглолтыг үргэлжлүүлсэн. Тоглолтын төгсгөлд Эквадорын багийн хамгаалагч, Английн Арсеналд хүчин зүтгэдэг Пиеро Хинкапи улаан хуудас хүртэж, багаа улам хүнд байдалд оруулсан. Ингээд 2:0 гэсэн үр дүн хэвээр үлдэж, Мексикчүүд итгэл төгс Шөвгийн 16-д хөл тавилаа. Тэдний форм үнэхээр гайхалтай байгаагаас гадна энэ ДАШТ -нд 4 тоглохдоо 4 хожиж, хаалгандаа нэг ч гоол алдаагүй, төгс гэмээр амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна. Энэ тоглолтын шилдгээр Саудын Арабын Аль Кадсиа клубт хүчин зүтгэдэг Хулиан Күйнонес нэрлэгдлээ. Тэр энэ тоглолтод гоол оруулж, гоолын дамжуулалтыг бүртгүүлсэн юм.
ТоймФранц 3:0 Швед Франц гоол: Мбапэ (45, 74), Баркола (53) Өмнөх тоглолтуудтай харьцуулахад энэ тоглолтыг таамаглахад харьцангуй амар байсан байж мэднэ. Францчууд ядах зүйлгүй Шведийг хожиж чадлаа. Шведийн хувьд хэдийгээр Александр Исак, Виктор Йокереш гэсэн дэлхийн шилдэг ангилалд нэрлэгдэх хоёр довтлогчтой ч ДАШТ-нд хол явахад дэндүү хангалтгүй байлаа. Гол асуудал бол тэдний хамгаалалт гэдгийг өмнөх тоглолтуудад хангалттай харсан билээ. Энэ тоглолтын үр дүнг бүгд л таамаглаж байсны дагуу хэт нэг талдаа өрнөсөн тоглолт болсон. Дасгалжуулагч Дидье Дешамп өөрийн хүчирхэг бүрэлдэхүүнээ илгээсэн бөгөөд Шведүүдийн хувьд эхний үед маш сайн хамгаалж байлаа. Гэвч тэдний хамгаалалт 45 дахь минут хүртэл л тэсэж, эцэстээ Килиан Мбапэг тогтоож чадалгүй эхний гоолыг хаалгандаа алдсан юм. Үүний дараа Брэдли Баркола ДАШТ-ний анхны гоолоо бүртгүүлсэн бол 74 дэх минутад өнөөх л Мбаппэ дахин гоолдсноор энэ тоглолтын эцсийн цэгийг хатгалаа. Францчуудын оруулсан сүүлийн хоёр гоолын дамжуулалтыг Майкл Олисе гаргаж өгснийг дурьдах хэрэгтэй. Киллиан Мбапэгийн хувьд энэ жилийн тэмцээний 6 дахь, ДАШТ-ний 18 дахь гоолоо орууллаа. Хэрвээ Лионел Месси байгаагүй бол тэр Мирослав Клозегийн амжилтыг эвдэж, ДАШТ-ний бүх цаг үеийн мэргэн бууч гэж цоллуулах байв. ДАШТ-ний хасагдах шат дөнгөж л эхэлж байна. Месси, Мбапэ нарын алтан шаахайны төлөөх өрсөлдөөн, цаашлаад бүх цаг үеийн мэргэн бууч болохын төлөөх дайралтыг нь бид үргэлжлэн харах биз ээ. Францчууд Шөвгийн 16-д Германыг мулталсан Парагвайн шигшээ багийн эсрэг тулах болно. Энэ тоглолт 2026 оны 7 сарын 5-нд АНУ-ын Филаделфиагийн цэнгэлдэх хүрээлэнд болохоор товлогдсон байна.
ТоймКот Д’Ивуар 1:2 Норвеги Кот Д’Ивуар гоол: Диалло (74) Норвеги гоол: Нуса (39), Хааланд (86) Норвегийн баатар, энэ цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг довтлогчдын нэг Эрлинг Холанд хожлын гоол оруулж, Норвегичүүд 1998 оноос хойш анх удаагаа ДАШТ-ний Шөвгийн 16-д ийнхүү шалгарч байна. Эмэрс Фае дасгалжуулагчаар удирдуулсан “Зааны ясан эргийнхэн” түүхэндээ анх удаагаа ДАШТ-ний хэсгийн шатыг гэтэлж чадсан билээ. Домогт Дидье Дрогба, ах дүү Турэ нар гялалзаж байсан алтан үеийн Кот Д’Ивуарын шигшээ баг өмнө нь ДАШТ-ний хасагдах шатанд тоглож байгаагүй юм. Залуу од Иан Диамонде, туршлагатай Никола Пэпэ, Амад Диалло гэсэн хүчирхэг довтолгоотой тэд энэ тоглолтод маш сайн тоглосныг дурьдах хэрэгтэй. Тэд тоглолтын турш 14 удаа хаалга руу цохиж, 5 нь байгаа оносон бөгөөд 41%-тай бөмбөг эзэмшжээ. Түүнээс гадна 14 удаа булангийн цохилт авсан ч нуруулаг Норвегичүүдийн эсрэг гоол оруулах амаргүй байсан нь ойлгомжтой. Тоглолтын голлох статистикийг харвал Кот Д’Ивуарчууд хавьгүй илүү тоглосон, гэвч хожиход хангалттай байсангүй. Тоглолтын эхний гоолыг Норвегийн багийн жигүүрийн довтлогч Антонио Нуса 39 дэх минутад оруулсан юм. Харин 74 дэх минутад сэлгээгээр талбайд орж ирсэн Амад Диалло маш чухал тэнцээний гоолыг хийж чадав. Энэ тоглолтод төдийлөн гялалзаж чадахгүй байсан Эрлинг Холанд “ангаа барих” тохиромжтой цаг үеийг хүлээсээр л байжээ. 84 дэх минут... Норвегичүүд эсрэг багийнхаа хамгаалалтын байрлалыг тун амархан эвдэж, Патрик Бэргийн чихэр шиг дамжуулалтыг Эрлинг Холанд амттай гэгч нь төгсгөлөө. Бөмбөгт хөл тавихад л хангалттай байсан тэр дамжуулалт нь хожлын гоол болон хувирснаар Норвегичүүд Шөвгийн 16-д тоглох тасалбараа захиалсан юм. Ингэснээр тэд 7 сарын 5-нд Дэлхийн 5 удаагийн аварга Бразилийн шигшээ багтай учраа таарч тоглохоор боллоо. Энэ тоглолтын шилдгээр эхний гоолыг оруулсан Антонио Нуса тодорсон бол Манчестер Сити клубт хүчин зүтгэдэг супер довтлогч Эрлинг Хааланд ДАШТ-ний 5 дахь, Норвегийн шигшээ багийн төлөө 60 дахь гоолоо оруулсан байна.