ARG3 - 1SUI

ARG3 - 1SUI


Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг Монголоор дагах нэгдсэн платформ
FIFA 2026 эхэллээ
Эхлэх: 2026 оны 6-р сарын 12, 02:00 (УБ цагаар)
Тоглолт олдсонгүй.

Хөлбөмбөгийн тайлбарлагчийн дуу хоолой олон мянган хөгжөөн дэмжигчдийн сэтгэл болон чихэнд хоногшин үлддэг. Тэд зөвхөн тоглолтыг тайлбарлаад зогсохгүй тухайн агшны сэтгэл хөдлөлийг үзэгчдэд хүргэж байдаг билээ. Харин энэ удаа Монгол улсаас хөлбөмбөгийн тайлбарлагч ДАШТ-ний тоглолтыг телевизийн студиэс бус, тоглолт болж буй цэнгэлдэх хүрээлэнгээс анх удаагаа шууд тайлбарласан нь онцгой үйл явдал боллоо.Монголын хөлбөмбөгийн анхны тайлбарлагчдын нэг, 20 жилийн өмнөх 2006 оны ДАШТ-ийг албан ёсоор шууд дамжуулахад анхлан тайлбарлаж эхэлсэн спортын сэтгүүлч Б.Батзаяа энэ жилийн ДАШТ -ний шөвгийн наймд учраа таарсан Аргентин – Египетийн багуудын гал гарсан тоглолтыг АНУ-ын Атланта хотын Мерседес Бенз цэнгэлдэхээс эх орон даяар шууд дамжуулан хүргэсэн юм.Бид түүнтэй хөлбөмбөгт дурласан хүүхэд нас, тайлбарлагчаар ажилласан замнал болоод Монголд анх удаа ДАШТ-ийг тайлбарлаж байсан дурсамж, мөн мөрөөдлөө биелүүлсэн тэр мартагдашгүй мөчийнх нь талаар ярилцлаа.СЭТГҮҮЛЧ: Хөлбөмбөгт анх хэзээнээс дурлаж эхэлсэн бэ? Таныг энэ спортод татсан онцгой тоглолт, баг эсвэл тоглогч байсан уу?Хөлбөмбөгт дурласан минь 1998 оны ДАШТ-ээс эхлэлтэй. Тэр үед би 12 настай хүүхэд байлаа. Монголд үзэх зүйл ховор, шууд дамжуулалт ч байгаагүй үе. Спортын сэтгүүлч, "Одод" студийн Н.Тамир ах тоглолтуудыг шөнө бичиж аваад, өглөө нь 40 минутын тойм болгон гаргадаг байлаа. Тэр үеийнхээр бол 40 минутын тойм үзнэ гэдэг маш урт, гоё санагддаг байсан.Яг тэр үед Англи, Румыны тоглолтыг үзэж байхад тайлбарлагч "Английн 18 настай тоглогч Майкл Оуэн талбайд гарч ирэх гэж байна" гэв. Харахад жижигхэн биетэй залуу хүү, бараг л миний үе. Тэгээд л "Би яагаад ингэж тоглож болохгүй гэж?" гэж бодсон доо. Майкл Оуэний тоглолт, оруулсан гоол, мөн Бразилын Роналдогийн тоглолтууд намайг хөлбөмбөгт татсан. Ялангуяа 1998 оны ДАШТ -ний Англи-Румыны тоглолт намайг хөлбөмбөгт эргэлт буцалтгүй оруулсан даа.СЭТГҮҮЛЧ: Хөлбөмбөгийн тайлбарлагч болох зам тань хэрхэн эхэлсэн бэ?Багаасаа л газарзүй, танин мэдэхүйд их сонирхолтой хүүхэд байсан. Аав маань "Таван цагариг" спортын сонинг захиалж уншдаг байсан болохоор спортоос хол өсөөгүй. 2002 оны ДАШТ-ийг Дорноговь аймагт эмээгийндээ үзэж байхдаа тоглогчид, багуудын талаар бүгдэд нь тайлбарлаж өгч байсан юм. Тэр үеэс л "тайлбарлагч болмоор байна" гэж бодож эхэлсэн.Тэр үед тайлбарлагч гэсэн тусдаа мэргэжил байгаагүй учраас аавынхаа зөвлөснөөр МУИС-ийн Сэтгүүл зүйн ангид элссэн. Нэгдүгээр курсийн зуны амралтаар UBS телевизийн "Одод" студид дадлага хийж байхдаа Европын аваргын тэмцээний тойм тайлбарлах боломж олдсон. Намайг хөлбөмбөг сайн мэддэг юм байна гэж үнэлээд, анхны тайлбараа хийх боломжийг өгсөн дөө.Удалгүй үндэсний бөх, сагсан бөмбөг, олимпийн олон төрлийн спорт тайлбарлаж эхлэв. Нэг өдөр Монголын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч И.Отгонбаяр ах надтай холбогдоод ТВ5 телевиз Олимпын наадмыг анх удаа шууд дамжуулах гэж байгаа тухай хэлж, хөлбөмбөг тайлбарлах санал тавьсан. Ингээд л миний тайлбарлагчийн жинхэнэ замнал эхэлсэн гэж хэлж болно.Мөн оюутан байхдаа ТВ9-д үндсэн ажилтнаар орж, гадаад мэдээ бэлтгэхийн зэрэгцээ сагсан бөмбөгийн дээд лиг, өвлийн олимп зэрэг олон томоохон тэмцээнийг тайлбарладаг болсон. Ингээд нэг л мэдэхэд спортын тайлбарлагч болсон байсан даа.СЭТГҮҮЛЧ: 2006 онд Монголд хөлбөмбөгийн ДАШТ-ийг анх удаа албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулсан. Анхны ДАШТ-ний тоглолтоо тайлбарлаж байсан үеэ эргэн дурсаач?Тэр үед би 3-р курсийн оюутан байв. ТВ9 -д олон төрлийн тэмцээн тайлбарласан болохоор спорт сонирхогчид намайг гадарлаж эхэлсэн үе л дээ. Удалгүй С1 телевиз ДАШТ-ний шууд дамжуулалтын эрхийг авч, надад тайлбарлах санал тавьсан. Би ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрч, бүр ажлаасаа гараад очсон юм. Учир нь энэ бол миний мөрөөдөл байсан.Одоо бол олон телевиз, тэрийгээ дагаад олон тайлбарлагчтай болсон байна. Харин тэр үед би бараг бүх тоглолтыг ганцаараа тайлбарлаж байлаа шүү дээ. 2006 оны ДАШТ-ний нээлтийн тоглолт Герман - Коста Рикагийн хооронд болсон. Тэр тоглолт зургаан гоолтой, үнэхээр гоё ч тоглолт болсон. Өнөөдөр эргээд бодоход алдаа дутагдал их байсан ч Монголд ДАШТ-ийг анх удаа шууд дамжуулсан, миний мөрөөдөл биелсэн мөч учраас тэр тоглолт хэзээ ч мартагддаггүй.Тухайн тэмцээний үеэр өдөрт гурван тоглолт тайлбарлаж байсан. “Гоол” гээд орилоод байхаар сүүлдээ миний хоолой бүр таг болчихсон. Тэгээд хэдэн тоглолтыг өнжихөөс аргагүйд хүрсэн. Миний оронд түр өөр хүн тайлбарлахад үзэгчид телевиз рүү утасдаж, "тайлбарлагч чинь яасан бэ?" гээд, бүр телевизийн байран дээр ирж бөөн юм болж байлаа шүү дээ. (инээв) Тэгээд 2 хоногийн дараа хоолой арай дээрдээд, буцаад ажилдаа орж байсан даа.СЭТГҮҮЛЧ: Тайлбарлагч бүр өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Та өөрийн хэв маягаа хэрхэн тодорхойлох вэ?Би их уншдаг. Дуртай зүйлээ уншаад амархан тогтоочихдог. Багаасаа танин мэдэхүйн зүйлд дуртай байсан нь их нөлөөлсөн байх. Тоглолт тайлбарлахдаа би өөрөө талбайд тоглож байгаа юм шиг мэдрэмжээр ханддаг. Түүнчлэн би өөрөө хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин байсан болохоор тоглогчид талбай дээр яг юу мэдэрч байгааг, гэмтэл бэртэл, сэтгэлзүйн дарамт зэргийг илүү ойлгож чаддаг байх. Энэ л миний тайлбарын онцлог болов уу.СЭТГҮҮЛЧ: Энэ удаа Монголоос анх удаа тоглолт болж буй цэнгэлдэхээс шууд тайлбар хийлээ. Тоглолт өрнөж буй цэнгэлдэхэд, микрофоны ард суух мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?Үнэхээр итгэмээргүй мэдрэмж байсан. Хажууд Аргентин, Францын тайлбарлагчид сууж, өмнө нь миний тоглолтыг нь тайлбарлаж байсан алдартай тамирчид өөрсдөө тайлбарлагч болоод ажиллаж байхыг харахад үнэхээр онцгой санагдсан.Гэхдээ бас маш их сандарсан. Цэнгэлдэх дотор удаан явж, ус ч уугаагүй байсан болохоор хоолой хүртэл өөр болоод эхний үеийг хүссэн хэмжээндээ тайлбарлаж чадаагүй. Тэгээд эхний үеийн завсарлагаар “Миний Монгол Энтертайнмент”-ийнхантай утсаар ярьтал бүгд л намайг битгий сандар гээд тайвшруулж, зоригжуулж байсан. Тэгээд ариун цэврийн өрөө орж, нэг сайхан нүүрээ угааж аван, өөртэйгөө ярилцаад, "Одоо алнаа" гээд л орсон доо.Ингээд хоёрдугаар үе эхлэхэд бүрэн төвлөрч, жинхэнэ өөрийнхөөрөө тайлбарлаж чадсан. Тэр мөч надад яг 20 жилийн өмнө анх ДАШТ-ний тоглолт тайлбарлаж байсан үеийн айдас, догдлолыг дахин мэдрүүлсэн. Зүйрлэшгүй мэдрэмж байсан даа.СЭТГҮҮЛЧ: Энгийн үед студиэс тайлбарлахтай харьцуулахад цэнгэлдэхээс шууд тайлбарлахын хамгийн том ялгаа юу байв?Мэдээж хамгийн том ялгаа бол уур амьсгал. Студид бид дэлгэц хараад, чихэвчээр шуум сонсдог шүү дээ. Харин цэнгэлдэхэд хөгжөөн дэмжигчдийн уухай, сэтгэл хөдлөл, талбай дээрх уур амьсгалыг шууд мэдэрч байсан.Үгээр илэрхийлэхэд хэцүү, мартагдашгүй мэдрэмж. Дараагийн удаа очвол бид бүр илүү мэргэжлийн түвшинд ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хамгийн чухал нь бид эхлэлийг нь тавьж чадлаа шүү дээ.СЭТГҮҮЛЧ: Цаашид цэнгэлдэхээс тогтмол тайлбарлахыг хүсэж байна уу?Мэдээж хүсэлгүй яахав. Бүх тоглолтыг газар дээрээс нь тайлбарлах боломжгүй байж болох ч нээлтийн тоглолт, финал зэрэг онцгой чухал тоглолтуудыг цэнгэлдэхээс шууд тайлбарладаг жишгийг Монголд тогтоож чадвал маш сайхан сайхан хэрэг шүү дээ.СЭТГҮҮЛЧ: Ингээд бидний 4 жил тутам хүсэн хүлээдэг ДАШТ өндөрлөхөд ойртож, нэг л мэдэхэд сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ удаад АНУ, Мексик, Канад гээд 3 улсын 16 хот дамнан зохиогдсон, маш том ДАШТ боллоо. Энэ жилийн ДАШТ-ний тухай сэтгэгдлээ хуваалцаач?Энэ жилийн ДАШТ-ийг Монгол улсад шууд дамжуулах эрхийг “Миний Монгол Энтертайнтент” ХХК авч, 5 телевиз хамтран дамжуулж, үзэгч олон түмэнд хүргэлээ. Олон тайлбарлагч, олон хөтлөгчид ажиллалаа.Монголд 2018 оноос хойш зуны улиралд асарт сууж хөлбөмбөг үзээгүй шүү дээ. Өмнөх Катар – 2022 ДАШТ өвөл болсон, уур амьсгалын хувьд ч тиймхэн байсан. Харин энэ жил хөлбөмбөгийн фанатууд асарт цугларан үзэж байна, мөн телевизийн шууд дамжуулалтууд ч арай өөр түвшинд хүрчээ. Хэдийгээр бөмбөрцгийн нөгөө талд болж буй учраас цагийн хол зөрүүг үл тоон хөлбөмбөгөө үзсээр л байна. ДАШТ ч маш сонирхолтой, үнэхээр гоё болж байна.СЭТГҮҮЛЧ: Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.Ярилцсан сэтгүүлч: Т.СэргэлүнТэртээ 28 жилийн өмнө зурагтынхаа урд суугаад Майкл Оуэнийг биширч байсан нэгэн хүү өдгөө дэлхийн хамгийн том тайзнаас ДАШТ-ний тоглолтыг Монголын үзэгчдэд хүргэж сууна. Хорин жилийн өмнө мөрөөдөл байсан зүйл өнөөдөр бодит болсон нь зөвхөн нэг хүний амжилт бус, Монголын спортын шууд дамжуулалт – тайлбарын хөгжлийн шинэ алхам болж чадлаа. Түүний хэлснээр "эхлэлийг нь тавьсан" энэ түүх цаашид Монголын тайлбарлагчид дэлхийн спортын хамгийн том тэмцээнүүдийг цэнгэлдэх хүрээлэнгээс нь шууд дамжуулах шинэ жишгийн эхлэл байх биз ээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт буюу финалын тоглолтын тасалбарын үнийг ФИФА анх 1550$ -аас хэтрүүлэхгүй гэж амлаж байсан ч өөрийн албан ёсны вэб сайт дээрээ тасалбар зарах, авах цэс нээж, хүссэн нь дуртай үнээрээ зарах, авах үүд нээгдсэн. Хэн ч авсан тасалбараа хүссэн үнээрээ (авах хүн олдвол шүү дээ) зарах боломжтой болсон нь тасалбарын "хууль ёсны дамлан худалдаа" болсон юм.ФИФА эндээс багагүй мөнгө хийж байгаа. Зарсан, авсан хоёроос тус бүрээс нь 15 хувь ФИФА-д очино. Жишээ нь нэг хүн 1000$ -аар тасалбараа зарлаа гэж бодоход гар дээр нь 850$ очино, харин авч буй хүн 1150$ төлнө гэсэн үг. Энэ хоёрын дундаас ФИФА зүгээр сууж байгаад л 300$ авчихна гэсэн үг.Тиймээс ч 2,5 сая доллараар гэсэн тасалбар ч байна.Ерөнхийдөө ихэнх тасалбар 10000$-33000$ үнэтэй байгаа бөгөөд дундаж үнэ нь 11327$ байгаа нь Америкийн төдийгүй дэлхийн спортын түүхэн дэх хамгийн үнэтэй тасалбартай спортын тоглолт болгож байна, хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг.Дөрвөн жилийн өмнө Катарт болсон ДАШТ-ий шигшээ тоглолтын хамгийн үнэтэй тасалбар 1607$, дундаж үнэ нь 855$ байсан билээ.ФИФА энэ ДАШТ-ээс 11 тэрбум долларын ашиг олохоор төлөвлөсөн байсан ч урьдчилсан байдлаар 15 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох таамаглал гарчээ.Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Энэ жилийн ДАШТ 2026 олон олон түүхэн, сонирхолтой, хачирхалтай үйл явдлаар дүүрэн болж байгаа билээ. Хамгийн сүүлийн аваргын тоглолт ч мөн эхлэхээсээ өмнө бүх нийтийн анхаарлыг татаж, сонирхолыг өдөөж байгаа нь гарцаагүй. 2026 оны долдугаар сарын 20-нд шилжих шөнийн 03:00 цагт болох тус тоглолттой холбоотой энэхүү зураг яригдах нь зүйн хэрэг. Ердөө зургаан сартай Ямал хүүг усанд оруулж буй хорин настай Месси нарын түүхэн гэрэл зураг. Зургийн түүхийг сонирховол: 2007 оны 12 дугаар сард Барселона клубийн сан (Barcelona Foundation), Каталоны Diario Sport сонин болон НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF) хамтран жил бүр гаргадаг буяны хуанлид зориулж зураг авалт зохион байгуулсан байна. Ингэхдээ Барселона мужийн орчимд амьдардаг оршин суугчдын дунд сугалаа явуулж, ялсан гэр бүл "Барселона" клубийн үндсэн багийн тоглогчтой зургаа татуулах боломжтой байв. Энэхүү сугалаанд Матаро хотын Рокафонда (Rocafonda, Mataró) ажилчдын хороололд амьдардаг нэгэн цагаач гэр бүл хожиж, хүүгээ Камп Ноу цэнгэлдэхэд авчирсан нь ердөө 6 сартай байсан Ламин Ямал байжээ. Тэр өдрийн зураг авалтад тухайн үед дөнгөж 20 настай байсан, ирээдүйн супер од Лионель Месси хуваарилагдаж таарсан байдаг. Гэрэл зурагчин Жоан Монфортын дурссанаар, Месси маш ичимхий, бүрэг залуу байсан бөгөөд урьд нь хүүхэд тэвэрч үзээгүй байсан тул хуванцар ваннтай усанд байгаа нялх хүүхдийг хэрхэн тэврэхээ мэдэхгүй нэлээд сандарч байсан гэнэ. Ямалын ээж Шейла Эбанагийн тусламжтайгаар зургийг амжилттай авч дуусгажээ. Энэ түүхэн гэрэл зураг бараг 17 жилийн турш мартагдсан байв. Гэвч 2024 оны Европийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Ямалын аав Мунир өөрийн инстаграм хуудсандаа "Хоёр домог эхэлсэн үе" гэсэн тайлбартайгаар энэ зургийг нийтэлснээр дэлхий даяар шуугиан тарьсан юм. Ямалын эцэг эхийн хувьд аав нь Марокко, ээж нь Эквадорын Гвиней гаралтай хүмүүс бөгөөд маш залуудаа хүүхэдтэй болж байжээ. Хүнд хэцүүхэн амьдралтай тэд түүнийг гурван настай байх үед хоёр тийш болж, Ямал ээжийн хамт өөр хот руу нүүсэн юм байна. Хэдий хоёр тийш болсон ч эцэг, эх нь түүнийг хөлбөмбөг тоглох нөхцлийг бүрдүүлэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсөөр 7 настайд нь Барселонгийн академид тэнцэж байжээ. Түүнээс цаашхыг бид бүгд мэдэх байхаа. Хүмүүс энэ зургийн талаар "Месси өөрийнхөө хөлбөмбөгийн авьяасыг усаар дамжуулж Ямалд өгчээ","хувь тавилангийн хамгийн гайхалтай холбоос", эсвэл "Ямалын загалмайлсан эцэг Месси" хэмээн хошигнон ярих болсон байна. Тэрхүү зураг дээрх нялх хүү өдгөө Мессигийн адил "Барселона" клубийн академиас тодорч, түүний өмсөж байсан 19 дугаартай өмсгөлийг (шинэ улиралд 10 дугаарыг ч авч магадгүй байгаа) өмсөн гялалзаж байна. Түүгээр зогсохгүй дэлхийн аваргын том тайзнаа, аваргын төлөөх тоглолтод энэ хоёр учраа таарч байна шүү дээ 🔥 Кор Скорс