
Мбапэ дубльдэж, Францчууд Шведийг мулталлаа
2026 оны 7 сарын 1·Тойм
Франц 3:0 Швед
Франц гоол: Мбапэ (45, 74), Баркола (53)
Өмнөх тоглолтуудтай харьцуулахад энэ тоглолтыг таамаглахад харьцангуй амар байсан байж мэднэ. Францчууд ядах зүйлгүй Шведийг хожиж чадлаа. Шведийн хувьд хэдийгээр Александр Исак, Виктор Йокереш гэсэн дэлхийн шилдэг ангилалд нэрлэгдэх хоёр довтлогчтой ч ДАШТ-нд хол явахад дэндүү хангалтгүй байлаа. Гол асуудал бол тэдний хамгаалалт гэдгийг өмнөх тоглолтуудад хангалттай харсан билээ.
Энэ тоглолтын үр дүнг бүгд л таамаглаж байсны дагуу хэт нэг талдаа өрнөсөн тоглолт болсон. Дасгалжуулагч Дидье Дешамп өөрийн хүчирхэг бүрэлдэхүүнээ илгээсэн бөгөөд Шведүүдийн хувьд эхний үед маш сайн хамгаалж байлаа. Гэвч тэдний хамгаалалт 45 дахь минут хүртэл л тэсэж, эцэстээ Килиан Мбапэг тогтоож чадалгүй эхний гоолыг хаалгандаа алдсан юм. Үүний дараа Брэдли Баркола ДАШТ-ний анхны гоолоо бүртгүүлсэн бол 74 дэх минутад өнөөх л Мбаппэ дахин гоолдсноор энэ тоглолтын эцсийн цэгийг хатгалаа. Францчуудын оруулсан сүүлийн хоёр гоолын дамжуулалтыг Майкл Олисе гаргаж өгснийг дурьдах хэрэгтэй.
Киллиан Мбапэгийн хувьд энэ жилийн тэмцээний 6 дахь, ДАШТ-ний 18 дахь гоолоо орууллаа. Хэрвээ Лионел Месси байгаагүй бол тэр Мирослав Клозегийн амжилтыг эвдэж, ДАШТ-ний бүх цаг үеийн мэргэн бууч гэж цоллуулах байв. ДАШТ-ний хасагдах шат дөнгөж л эхэлж байна. Месси, Мбапэ нарын алтан шаахайны төлөөх өрсөлдөөн, цаашлаад бүх цаг үеийн мэргэн бууч болохын төлөөх дайралтыг нь бид үргэлжлэн харах биз ээ.
Францчууд Шөвгийн 16-д Германыг мулталсан Парагвайн шигшээ багийн эсрэг тулах болно. Энэ тоглолт 2026 оны 7 сарын 5-нд АНУ-ын Филаделфиагийн цэнгэлдэх хүрээлэнд болохоор товлогдсон байна.











