
Мексикчүүдийн гайхалтай ялалт үргэлжилсээр байна
2026 оны 7 сарын 1·Тойм
Мексик 2:0 Эквадор
Мексик гоол: Күйнонес (22), Химэнез (31)
Энэ удаагийн ДАШТ -ийг зохион байгуулагч 3 орны нэг болох Мексикчүүд төгс гэж хэлж болохуйц форм үргэлжилсээр л байна. Тэд Шөвгийн 16-д шалгарч үлдэхийн төлөө Өмнөд Америк тивийн төлөөлөл болох Эквадортой учраа таарч тоглолоо.
Мексик улсын Мехико цэнгэлдэхэд болсон уг тоглолт цаг агаарын таагүй байдлаас болж хойшилж эхэлсэн. Тоглолтыг талбайн эзэд гайхалтай эрч хүчтэй, түрэмгийлж эхлүүлсэн бөгөөд тун удалгүй эсрэг багийнхаа хаалганы торыг хөдөлгөж чадлаа. Гоолын эзэн нь бид бүхний эчнээ танил, ДАШТ – 2026 тэмцээний нээлтийн гоолыг оруулсан Хулиан Күйнонес байсан юм. Үүнээс ердөө 9-хөн минутын дараа Мексикийн алдарт довтлогч Раул Хименез цөм цохиж гоолдсноор тооны харьцааг 2:0 болгосон юм. Түүний гоолын дамжуулалтыг өнөөх л Күйнонес бэлдэж өгөв.
Хасагдах аюултай нүүр тулсан Эквадорчууд үлдсэн хугацаанд “амьд үлдэх” гэж хичээж, маш олон аюултай довтолгоог удаа дараалан зохион байгуулж байлаа. Гэвч Мексикийн хана хэрэм мэт хамгаалалтыг нэвтэлж чадсангүй. Дараагийн шатанд шалгарч үлдэх найдвартай хоёр гоолоо оруулсан болохоор талбайн эзэд хамгаалтдаа илүү төвлөрч, үе үе сөрөг довтолсон байдалтай тоглолтыг үргэлжлүүлсэн.
Тоглолтын төгсгөлд Эквадорын багийн хамгаалагч, Английн Арсеналд хүчин зүтгэдэг Пиеро Хинкапи улаан хуудас хүртэж, багаа улам хүнд байдалд оруулсан. Ингээд 2:0 гэсэн үр дүн хэвээр үлдэж, Мексикчүүд итгэл төгс Шөвгийн 16-д хөл тавилаа. Тэдний форм үнэхээр гайхалтай байгаагаас гадна энэ ДАШТ -нд 4 тоглохдоо 4 хожиж, хаалгандаа нэг ч гоол алдаагүй, төгс гэмээр амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Энэ тоглолтын шилдгээр Саудын Арабын Аль Кадсиа клубт хүчин зүтгэдэг Хулиан Күйнонес нэрлэгдлээ. Тэр энэ тоглолтод гоол оруулж, гоолын дамжуулалтыг бүртгүүлсэн юм.











