БРАЗИЛ-НОРВЕГИ 1:2
БАЯРТАЙ, БРАЗИЛ!
САЙН БАЙНА УУ, ХӨЛБӨМБӨГ?
44 жилийн өмнө Испанид болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг Монголд гэртээ ахтайгаа цуг ТВ-ээр Бразил-Италийн тоглолтыг (2:3) үзээд, жилийн өмнөөс сэтгэл зүрхээ зориулах болсон Бразилийн шигшээгээ, өөрийн шүтдэг Зикогоо хожигдохыг, дэлхийн аварга болно гэж баттай итгэж байсан Бразилаа, хөлбөмбөгийн ид шидийг, уран гоё тоглолтыг үзүүлж байсан Зико, Сократес, Фалькао, Жуниор нартай тэр "Селесао" -г хожигдсон гэдэгтэй огтхон ч эвлэрч чадахгүй, шөнөжин орондоо уйлж хоносон 14 настай тэр л хүү би үүнийг бичиж байна.
Ялгаатай нь өнөөдөр би Нью Йорк/Нью Жерсигийн "Метлайф" цэнгэлдэхэд хүрээлэнд Бразил-Норвегийн (1:2) тоглолтыг 80,000 хөгжөөн дэмжигчдийн хамт үзсэний яг дараа ФИФА -ийн албан ёсны хэвлэл, мэдээллийн төвд, ДАШТ-ийг албан ёсоор сурвалжилж буй сэтгүүлчийн хувиар үүнийг бичиж байна.
Энэ жилийн Бразилийн шигшээ олон асуудалтай байсаан, бүрэлдэхүүн сул,багийн амжилт гэхээс хувийн амбицаа боддог тоглогчидтой, зүрх сэтгэлээсээ тоглодоггүй одонцорууд, магадгүй ДАШТ-ий түүхэн дэх хамгийн муу Бразилийн шигшээ ( лав л миний ТВ-ээр үзсэн найм, газар дээр нь үзсэн дөрвөн хөлбөмбөгийн ДАШТ-ий хувьд) гэж бодож байсан ч дотроо юмыг яаж мэдэх вэ, түрүүлдэггүй юм гэхэд финалд, ядахдаа хагас шигшээд хүрчихээсэй гэж дотроо битүүхэн горьдож байснаа нуух юун. Гэхдээ Норвегид бол хожигдоно гэж огтхон ч төсөөлсөнгүй.
Норвеги таван удаа л аюултай довтолгоо хийхдээ хоёрыг нь гоол болгочихлоо. Гурвыг нь Алиссон Бекер маань аварсаан аварсан.
Эрлинг Хааландыг мэдсээр байж мөргүүллээ, харсаар байж цохиуллаа. Норвегийн "Терминатор" Бразилийн хаалганд хоёр гоол хийснээр нийтдээ 7 гоолтой болж, энэ ДАШТ-ий "мэргэн буучийн" жагсаалтыг Месси, Мбаппе нарын хамт тэргүүлж эхэллээ.
Манайхаас Бруно Гимарэйнс "пенальти" алдлаа. Вини Жуниор цохисонгүй, цохих хүсэлгүй байсан байх.
Талбай дээр байсан үгүй нь бараг мэдэгдсэнгүй. Хүмүүс Виниг од л гээд байдаг юм. Би бол биеэ тоосон, хэт үнэлэгдсэн тоглогч л гэж хардаг. Мбаппе, Вини хоёр гоол хийдэг нь үнэн, гэхдээ хичнээн олон гоолын боломж алддаг гэдгийг ярьдаггүй. 90 минутад ганц боломж гарахад тэрийг алддаггүй довтлогчийг л жинхэнэ супер гэдэг. Дэргэд нь Хааланд супер юмаа.
Эндрик хүү гоол хийх 100 хувь боломж, баатар болох боломжтойгоо хамт хийсгэлээ.
Норвегийн хаалгач эсрэгээрээ "викингчүүдийн" аврагч болов.
Бразил маань баяртай боллоо. Гэхдээ нүдэнд минь нулимс хурсан ч уйлсангүй ээ. Энэ олон дэлхийн аваргаар , энэ л хасагдах шатанд Европын багуудад хожигдсоор байгаад зүрх сэтгэл минь "хөрчээ", аймаар юм.
Миний хувьд , Бразилийн фанатын хувьд "дотроо" ДАШТ-аа дуусгалаа.
Гэхдээ ДАШТ-ийг албан ёсоор сурвалжилж буй сэтгүүлчийн хувьд бол "дуусах" болоогүй, төгсгөл хүртэл явна, аялалаа үргэлжлүүлнэ.
Маш олон найз нөхөд, гэр бүлийнхэн , Бразилийг дэмжигчид тайтгаруулах гэж, зарим хөлбөмбөгийн найзууд маань шарыг минь малтах гэж( би өөрөө тэдний багийг хожигдоход яг адилхан хорыг нь малтдаг) чат бичиж, утас цохиж байна. Бүгдэд нь хариу өгөх цаг, боломж байхгүй тул энд ингээд бичлээ.
Мэдээж Бразилийн хөлбөмбөгийн фанатууд өнөөдөр "уйлж", Норвегийн балиашигууд дуулж байгаа.
Маргааш нөгөөдөр, сар жилийн дараа бас нэг хэсэг нь уйлж, нэг хэсэг нь дуулах л болно.
Энэ чинь хөлбөмбөгийн хамгийн гоё хэсэг, энэ чинь л хөлбөмбөгийг яагаад дэлхий даяараа хуйлран үздэгийн шалтгаан шүү дээ.
Одоо сэтгүүлчдийн автобусдаа суугаад цэнгэлдэхээс хөдлөх гэж байна. Тэгээд нисэх буудлыг зорино. Маргааш Далласт, нөгөөдөр Атлантад очих ёстой.
Аргентин, Египет, Испани, Португалын ялалтыг, эсвэл хожигдлыг харах ёстой, бичих ёстой. Дараа нь Норвегийн гайхамшигт ялалтыг ч бичих л болно.
Энэ аугаа спортыг хүмүүст хүргэх, хөлбөмбөгт дурлуулах үүрэгтэй.
Тиймээс хэзээ ч хөлбөмбөг дуусдаггүй , ДАШТ төгсдөггүй юм.
Дөрөвхөн жилийн дараа Бразилийн шинэ шигшээг бас л дэмжээд л явна, хожих, хожигдох нь хамаагүй ээ. Энэ бол хөлбөмбөг!
МЕКСИК-АНГЛИ 2:3
ДАШТ-ий бас нэгэн чимэг болсон тоглолт боллоо. Англичууд Мексикийг цуут "Ацтек" цэнгэлдэхэд ДАШТ-д хожсон баг болжээ. Жуд Беллингем 98 секундын зайтай 2 гоол оруулан Англи хошуучилж эхэлсэн ч "ацтекүүд" амар бууж өгөөгүй ээ. Мексикийн Киньонес тооны зөрүүг багасгаж, Английн Куанса "улаан жавтий" хүртсэнээр англичууд хагас цагийн турш 10-уулаа тоглохоор болж, тоглолт улам сонирхолтой болов. Харри Кэйн "пенальти"-ийг бол "авч, өгч" чаддагаа харуулсан. Мексикчүүд тоглолт дуустал шургуу довтолсон ч үр дүнд хүрч чадсангүй ээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин