
МЕССИ БА ЯМАЛ
2026 оны 7 сарын 16·Тоглогч
Энэ жилийн ДАШТ 2026 олон олон түүхэн, сонирхолтой, хачирхалтай үйл явдлаар дүүрэн болж байгаа билээ. Хамгийн сүүлийн аваргын тоглолт ч мөн эхлэхээсээ өмнө бүх нийтийн анхаарлыг татаж, сонирхолыг өдөөж байгаа нь гарцаагүй.
2026 оны долдугаар сарын 20-нд шилжих шөнийн 03:00 цагт болох тус тоглолттой холбоотой энэхүү зураг яригдах нь зүйн хэрэг.
Ердөө зургаан сартай Ямал хүүг усанд оруулж буй хорин настай Месси нарын түүхэн гэрэл зураг. Зургийн түүхийг сонирховол:
2007 оны 12 дугаар сард Барселона клубийн сан (Barcelona Foundation), Каталоны Diario Sport сонин болон НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF) хамтран жил бүр гаргадаг буяны хуанлид зориулж зураг авалт зохион байгуулсан байна. Ингэхдээ Барселона мужийн орчимд амьдардаг оршин суугчдын дунд сугалаа явуулж, ялсан гэр бүл "Барселона" клубийн үндсэн багийн тоглогчтой зургаа татуулах боломжтой байв.
Энэхүү сугалаанд Матаро хотын Рокафонда (Rocafonda, Mataró) ажилчдын хороололд амьдардаг нэгэн цагаач гэр бүл хожиж, хүүгээ Камп Ноу цэнгэлдэхэд авчирсан нь ердөө 6 сартай байсан Ламин Ямал байжээ.
Тэр өдрийн зураг авалтад тухайн үед дөнгөж 20 настай байсан, ирээдүйн супер од Лионель Месси хуваарилагдаж таарсан байдаг. Гэрэл зурагчин Жоан Монфортын дурссанаар, Месси маш ичимхий, бүрэг залуу байсан бөгөөд урьд нь хүүхэд тэвэрч үзээгүй байсан тул хуванцар ваннтай усанд байгаа нялх хүүхдийг хэрхэн тэврэхээ мэдэхгүй нэлээд сандарч байсан гэнэ. Ямалын ээж Шейла Эбанагийн тусламжтайгаар зургийг амжилттай авч дуусгажээ.
Энэ түүхэн гэрэл зураг бараг 17 жилийн турш мартагдсан байв. Гэвч 2024 оны Европийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Ямалын аав Мунир өөрийн инстаграм хуудсандаа "Хоёр домог эхэлсэн үе" гэсэн тайлбартайгаар энэ зургийг нийтэлснээр дэлхий даяар шуугиан тарьсан юм.
Ямалын эцэг эхийн хувьд аав нь Марокко, ээж нь Эквадорын Гвиней гаралтай хүмүүс бөгөөд маш залуудаа хүүхэдтэй болж байжээ. Хүнд хэцүүхэн амьдралтай тэд түүнийг гурван настай байх үед хоёр тийш болж, Ямал ээжийн хамт өөр хот руу нүүсэн юм байна. Хэдий хоёр тийш болсон ч эцэг, эх нь түүнийг хөлбөмбөг тоглох нөхцлийг бүрдүүлэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсөөр 7 настайд нь Барселонгийн академид тэнцэж байжээ. Түүнээс цаашхыг бид бүгд мэдэх байхаа.
Хүмүүс энэ зургийн талаар "Месси өөрийнхөө хөлбөмбөгийн авьяасыг усаар дамжуулж Ямалд өгчээ","хувь тавилангийн хамгийн гайхалтай холбоос", эсвэл "Ямалын загалмайлсан эцэг Месси" хэмээн хошигнон ярих болсон байна. Тэрхүү зураг дээрх нялх хүү өдгөө Мессигийн адил "Барселона" клубийн академиас тодорч, түүний өмсөж байсан 19 дугаартай өмсгөлийг (шинэ улиралд 10 дугаарыг ч авч магадгүй байгаа) өмсөн гялалзаж байна.
Түүгээр зогсохгүй дэлхийн аваргын том тайзнаа, аваргын төлөөх тоглолтод энэ хоёр учраа таарч байна шүү дээ 🔥
Кор Скорс











