Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт буюу финалын тоглолтын тасалбарын үнийг ФИФА анх 1550$ -аас хэтрүүлэхгүй гэж амлаж байсан ч өөрийн албан ёсны вэб сайт дээрээ тасалбар зарах, авах цэс нээж, хүссэн нь дуртай үнээрээ зарах, авах үүд нээгдсэн. Хэн ч авсан тасалбараа хүссэн үнээрээ (авах хүн олдвол шүү дээ) зарах боломжтой болсон нь тасалбарын "хууль ёсны дамлан худалдаа" болсон юм.
ФИФА эндээс багагүй мөнгө хийж байгаа. Зарсан, авсан хоёроос тус бүрээс нь 15 хувь ФИФА-д очино. Жишээ нь нэг хүн 1000$ -аар тасалбараа зарлаа гэж бодоход гар дээр нь 850$ очино, харин авч буй хүн 1150$ төлнө гэсэн үг. Энэ хоёрын дундаас ФИФА зүгээр сууж байгаад л 300$ авчихна гэсэн үг.
Тиймээс ч 2,5 сая доллараар гэсэн тасалбар ч байна.
Ерөнхийдөө ихэнх тасалбар 10000$-33000$ үнэтэй байгаа бөгөөд дундаж үнэ нь 11327$ байгаа нь Америкийн төдийгүй дэлхийн спортын түүхэн дэх хамгийн үнэтэй тасалбартай спортын тоглолт болгож байна, хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг.
Дөрвөн жилийн өмнө Катарт болсон ДАШТ-ий шигшээ тоглолтын хамгийн үнэтэй тасалбар 1607$, дундаж үнэ нь 855$ байсан билээ.
ФИФА энэ ДАШТ-ээс 11 тэрбум долларын ашиг олохоор төлөвлөсөн байсан ч урьдчилсан байдлаар 15 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох таамаглал гарчээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин












